/ Цагдаа 100 / Алдрын булан / ДУРСАМЖ - ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР 25 ЖИЛ АЖИЛЛАСАН МИШИГДОРЖ ГУАЙ

ДУРСАМЖ - ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР 25 ЖИЛ АЖИЛЛАСАН МИШИГДОРЖ ГУАЙ

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР 25 ЖИЛ

АЖИЛЛАСАН МИШИГДОРЖ ГУАЙ

 Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Сандагийн Мишигдорж гуай өдгөө 90 нас сүүдэр зооглож байгаа ч ануухнаараа үр хүүхдүүдийнхээ буянд сайхан амьдарч байна даа гэсээр угтлаа. Тэрбээр 25 жил цагдаагийн байгууллагад ажиллахдаа хэсгийн төлөөлөгчөөс өөр ажил солиогүй. Харин урьд нь 10 гаран жил нэгдэл, намын байгууллагад хийгээгүй ажил гэж байгаагүй. Биндэр суманд зохиолч Батын Нямааг сум нэгдлийн дарга байхад хамт ажиллаж Биндэрийн баруун биед шинээр “Амжилт” гэдэг нэгдэл байгуулж явжээ.

Түүнийг Батширээтийн намын хорооны дарга байхад нь шууд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр Бэрхэд томилсон байна. Ингээд Баян-Овоо, Бэрх, Батноров сумдыг хариуцсан төлөөлөгчийг ямар ч семинар ном байхгүйгээр хийж эхэлжээ. Тэнд удаагүй байтал Өндөрхааны сангийн аж ахуйд томилонтэнд хэдэн жил ажиллаад дараа нь хойд чигийн сумдыг хариуцсан төлөөлөгч болсон байна. Нэг үе бүр таван сум хариуцан ажиллаж байжээ. Өмнөдэлгэр, Хэнтий, Биндэр, Баян-Адарга зэрэг сумдыг хариуцаж байв.

-Цагдаагийн байгууллага маань намайг их л дэмжсэн. 25 жил ажиллаад тэтгэвэрт гараад би ямар нэг алба ажил хийгээгүй. Байгууллага маань их олон одон медалиар шагнасан гэснээ манай байгууллагынхандурсамж ярихад бас түвэгтэй. Одоо чинь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг болсон цаг. Тиймээс дурсамж ярихдаа болгоомжтой хандах хэрэгтэй байх гэж болгоомжилсон.

Мишигдорж гуайн хувьд илрүүлээгүй хэрэг гэж байдаггүй. Хамгийн сүүлд Баян-Адаргын хүн амины хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааг маш нягт нарийн явуулж байжээ. Уг хэрэг сүүлд хоёр жил гаран болоод илэрсэн бөгөөд хэргийн газрыг нутгийн хүн ярьсны мөрөөр гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна. Баян-Адаргын төвөөс хойхно бургасанд булсан гэхээр нь Лигдэнгийн Батбаяр, прокурор Октябрь нартай очиж орчныг нарийн судалсны үндсэн дээр модны үндэс ил гарсан газрыг олж тогтоон хохирогчийн яс бүрийг бүрэн бүтэн гарган авч шинжилгээнд хүргэж өгч байжээ.

“Гүйцэтгэх ажил байхгүй бол цагдаа явахгүй ээ. Одоо ямар байна даа. Нэг бурхны хэргийг илрүүлээгүй л дуулдах юм. Хүнтэй зөв харилцаад зөвлөж яриад байвал болоод л явчихдаг юмдаа. Улсыг аюулаас хамгаалах, цагдан сэргийлэх байгууллага хамт байсан үеийн сүүл хэсэгт би ажиллаж таарсан юм. Хэргийг илрүүлнэ гэхэд хүнтэйгээ хөөцөлдөх хэрэггүй, ганцхан газар, обьект нь чухал байдаг. Тэгээд үйлдэл. Тэрнээс биш чи тийм хэрэг хийсэн гэх хэрэггүй. Бүх л байдлыг судлах хэрэгтэй” гэж тэрбээр зөвлөжбайна.

Мишигдорж гуай Батширээт суманд их хуй салхи гарч сүйд болсон тохиолдлын үеэр нутгийн иргэдийг зохион байгуулан тэр орчны хамгаалалтыг амжилттай хийж байжээ. Энэ үеэр 13 хүн нас барж, уулын мод, айлын байшинг хуу хамсан гэнэтийн аюулт үзэгдэл болоход түүнд ард иргэд нь их тусалжээ. Өргөнөөрөө 100 метр дугуй газарт байсан ачааны машиныг дээш нь хөөргөөд рам дугуйнаас өөр зүйл олдоогүй. Дотор нь байсан 2, 3 хүн ч байхгүй болсон цахилгаан соронзон хуй салхины орчныг хамгаална гэдэг аюултай. Үүнийг далимдуулаад хэрэг төвөг гарах магадлал их байсан тул ард түмэнтэйгээ холбогдож ажлаа бүтээж байж. Газар дээр нь сумын холбоочин, мөн эмчийг аваад очиход гэмтсэн хүмүүс олон байжээ. Тэд бүгдийг машинд суулгаад эмнэлэгт аваачна гэхэд нь хориглож доргилтоос болж тэдгээр иргэдийн амь нас нь сүйдэж мэднэ гэтэл эмч нь зөвшөөрч тэр дор нь газар дээр нь эмчилжээ. Ингээд түүнийг газар объектийг сайн хамгаалсан гэж хожим нь сайшаал шагнал өгсөн байна. 

Мишигдорж гуай хуучин Гурванбаяных агаад сум нь сүүлд Биндэртэй нэгдэж,өөрийнхөө суманд ажиллаж байхад ард түмэн их хүрээлж байжээ. Юм нууна гэж байхгүй,ер нь буриад, казакууд ихч шударга, хэсгийн төлөөлөгчөө хамгаална ч гэж жигтэйхэн байж. Тэр үед хүн амины хэргүүд, хулгайн хэрэг, гал түймэр, малын хулгай, хулгайгаар ан агнах гээд хэргүүд голдуу гардаг. Хэргийг дор дор нь илрүүлнэ. Хүмүүс шударга хэлээд өгдөг. Нэг удаа Батноровоос суурь үхэр хөөгөөд Сүхбаатарт аваачсан хэргийн араас мөрдөн байцаагч Сүхбаатартай яваад бүгдийг илрүүлж байж. Мишигдорж гуайд тэр үед хувьд нь байлдааны 67 машиныг ах дүү нар нь сэлбэж өгч, дуртай газраа ганцаараа шөнө өдөргүй явдаг байжээ.

Тэрбээр хилийн цэрэгт Халх голд цэргийн алба хаасан. -Намайг цэрэгт 2 жил болоход 1950 онд дайн дууссаны дараа арми татан буугдаж бүх цэрэг албанаасаа халагдаж байсан юм. Цэргээс ирсэн залуусыг намын хороо энд тэндгүй ажилд томилдог байсан. Ингээд би намын дарга, артелийн дарга гээд хийгээгүй ажилгүй. 1964 оноос цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн гэлээ.

Мишигдорж гуай залуу цагийн нэгэн зургаа үзүүлж энэ бол Бадгар, Лувсандугар нартайгаа авахуулсан зураг байна гээд инээмсэглэн цааш өгүүлэхдээ,“Лувсандугар маань Биндэрт хэсгийн төлөөлөгч байсан үе. Тэнд аймгийн намын хороо хуралдаж,Биндэрт архидах явдал их байна гэтэл Лувсандугар маань, дарга нар та нар бүгдээрээ архи их уудаг гээд аймаг сумын дарга нараа бүгдийг нэрий нь тоочиход зарим нь инээж зарим нь уурлаж байсан. Манай хүн чмуйхар боловсролгүй хүн байж дээ...”гэв. Ингэж дарга нарыг нүүрэн дээр нь улайтал хэлсэн анд нь төд удалгүй албанаасаа халагдаж байжээ. Энэ үед Мишигдорж гуай ахмад цолтой байж.Урьд цагт ахмад гэдэг чинь цагдаагийн доогуур албан тушаалтны дээд цол байсан. Дугарсэд, Бадгар нар бол Бүрэнхааны хөдөлмөрийн лагерьт хэдэн сар ажиллаад хошууч цол авч байсан. Цагдаагийн дарга ч өндөр цолтой байгаагүй хэмээн хуучлав. Ингээд Мишигдорж гуай,“Өвөө нь дэндүү их насалчлаа даа. Би бүх насаараа архи уугаагүй, тамхи татаагүй. Ажлын цаг, унтаж амрах маань ч хязгаартай. Ийм дэглэмд амьдраад сурчихаж дээ” хэмээн эцэст нь өгүүллээ.

Ийнхүү амьдрал үйлс нь тэр чигтээ ховор судар шиг өвөө маань “Хүнтэй эвтэй яривал болохгүй ажил гэж байдаггүй байсан даа” хэмээн өгүүлсэн билээ. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна