/ Цагдаа 100 / Алдрын булан / ДУРСАМЖ - Цагдаагийн бэлтгэл хошууч Самбуугийн Батболд

ДУРСАМЖ - Цагдаагийн бэлтгэл хошууч Самбуугийн Батболд

САЙХАН ХАМТ ОЛНЫ ДУНД АЖИЛЛАЖ

АМЬДАРЧ БАЙЛАА

 

Би 1960 оны 11 дүгээр сарын 21-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, бага насаа эцэг эхийн асрамжинд өнгөрөөж, сумынхаа 8-н жилийн дунд сургуулийг 1968-1977 онд суралцан төгсөж, аймгийн төвийн 1 дүгээр 10 жилийн сургуульд дэвшин суралцаж 1979 онд төгссөн билээ. 1979 онд Монгол Улсын Их сургуульд элсэлтийн шалгалт өгч Химийн ангид элсэн орсноор газар газрын олон залуучуудын хамт суралцан бужигнаж байгаад нэг л мэдэхэд 5 жил өнгөрч төгсөх болсон байв. 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр сургуулиа төгсөн ромбо, дипломоо гардаж, Хөтөлийн цементийн үйлдвэрт очихоор урьдчилсан хуваарь авчихаад сургууль дээрээ цугларч, хуваариа аваад явж байгаа нөхдөө гаргаж өгөөд байж байхад манай химийн салбарын деканы өрөөнд намайг, ангийн маань Н.Батдэлгэр, С.Батсүх нарын хамт дуудаж “Та гурвын хуваарь өөрчлөгдлөө, энэ хүнтэй уулз” гээд энгийн хувцастай бор залууг заалаа. Тэр үл таних залуу өөрийгөө –“Нийгмийг аюулаас хамгаалах яамны боловсон хүчний газрын нэгдүгээр хэлтсийн ажилтан дэслэгч Бор” гэж танилцуулаад “Та нарын хувийн хэрэгтэй танилцсан, маргааш өглөө 10.00 цагт Нийгмийг аюулаас хамгаалах яамны зүүн хаалган дээр очоод намайг дуудуулаад уулзаарай” гээд явсан юм. Юу болоод байгааг деканаас асуухад “Манай төгсөгчдөөс хувийн хэргийг нь судалж байгаад та гурвыг сонголоо, би юугаа мэдэхэв дээ, та гурав Нийгмийг аюулаас хамгаалах яамны ажилтан болох юм шиг байна даа, очоод санал бодлоо ярилц даа, эргээд ирвэл хуваарьт газраа явах болно. Тэнд орохоор болбол шууд шийдэх биз дээ” гэсэн.

Ингээд миний амьдралд өөрчлөлт орж Монгол Улсын Их сургуулийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн минь талаар болж Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдлийн боловсон хүчин болж хувирсан юм. Тэнд боловсон хүчний газрын нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Нацагдорж гэдэг хүнтэй уулзаад Н.Батдэлгэр бид хоёрыг Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газарт, С.Батсүхийг маань Цагдаагийн ерөнхий газарт хуваарилаад газрын дарга, хурандаа Цэрэннадмид гэдэг хүн дээр дагуулж орж танилцуулсан. Н.Батдэлгэр бид хоёрын хувь заяа буцалтгүйгээр шийдэгдэж, С.Батсүх маань багшаа хийнэ гэж зүтгэсээр байгаад гарсан юм. Н.Батдэлгэр бид хоёрын тушаал 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарч би Хэнтий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст төлөөлөгч, Н.Батдэлгэр маань Булган аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст тус тус хуваарилагдсан юм. Ингээд миний амьдрал Хэнтий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс, Цагдаагийн газартай амь амьдралаар холбогдон өдий хүртэл үргэлжилж байна.

Хан Хэнтий аймаг, Хэнтийн Цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газар надад сайхан амьдрал, сайн хань, үр хүүхэд, нэр хүнд, сайхан хамт олон заяаж, өдий хүртэл сайн сайхан амьдарч байгаадаа би сэтгэл дүүрэн байдаг. Анх намайг томилогдож ирэхэд цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Гомбосүрэн, Чогдон, сэргийлэх ангийн даргаар хошууч Цэндсүрэн, улс төрийн орлогчоор ахмад Дамдинжав нар ажиллаж байсан бөгөөд надтай хамт С.Рэнцэндорж /хожим нь цагдаагийн газрын дэд дарга болсон/, Чулуунбат нар сайдын тушаалаар томилогдон ирж байсан юм. Биднийг ирэхэд ахлах төлөөлөгч ахмад Батаа, дэд хурандаа Дэчин нарт хариуцуулан өгч тэднийг бидний “Халамжлан хүмүүжүүлэгч”-ээр томилон ажилд минь оруулж билээ. Намайг анх томилогдон ирэхэд өндөр нуруутай чанга дуутай хошууч хэлтсийн үүдэнд тааралдаад “Сайхан залуучууд иржээ гялалзуулаад байж дээ” гэж байсан нь манай Бадгар хошууч маань байсан юм.

Бид олон сайхан хүмүүсийн дунд олон мундаг хүмүүстэй ажиллаж, тэднээс ихийг сурч мэдэж авсандаа бахархаж байдаг. Хошууч Лувсанжамц, хошууч Лувсанцэрэн, хошууч Г.Бадгар, хошууч Сүхбаатар, ахмад Х.Норовсамбуу, ахмад Сэсээр, ахмад С.Мишигдорж, ахмад Цэрэндондов, ахмад Энхбаатар, ахмад Дашням, ахмад Энхтөр, ахмад Д.Дангаасүрэн нар байсан.

Эдгээр хүмүүстэй нөхөрлөж, ард түмнийхээ аюулгүй амьдрал, аз жаргалын төлөө мөр зэрэгцэн эх орныхоо төлөө зүтгэж явсандаа эргэн санахад сайхан байна. 1996 оноос би Цагдаагийн албанд шилжиж Галшар суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, 2000 онд Баянмөнх суманд хэсгийн төлөөлөгч, 2004 оноос Бор-Өндөрт хэв журмын байцаагчаар ажиллаж байгаад 2007 оны 11 дүгээр сард чөлөөнд гарч одоо болтол бэлтгэл хошууч цолтой Бор-Өндөр сумандаа амьдарч байна.

Энэ хугацаанд олон ч аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж сайхан нөхөрлөж явлаа. Хэнтий аймагт ажиллах хугацаанд хошууч Ч.Амарболд /одоо хошууч генерал/, хурандаа Л.Сүхээ, хурандаа Л.Батбаяр, хурандаа Ц.Баярсайхан, хурандаа Ч.Сүхээ, дэд хурандаа Сэсээр, дэд хурандаа Рэнцэндорж, дэд хурандаа Д.Дангаасүрэн, дэд хурандаа Баярсайхан, дэд хурандаа Болдбаатар нар маань удирдах албанд шилжиж дарга болцгоосон бөгөөд бидний дундаас генерал цолтон төрж Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ч.Амарболд дарга маань томилогдож байхад маш их баярлаж байсан билээ.

Миний ажиллаж байсан үе одоо үеийнхтэй харьцуулахад тэс өөр байжээ. Одоо бол хэсгийн төлөөлөгчид унаатай, ажиллахад амьдрах байртай, техник хэрэгслээр хангагдаж, ажиллах боломж нөхцөлөөр бүрэн хангагдсан нь нэн бахархалтай боловч үүнийгээ дагаад эрүүгийн нөхцөл байдал ч улам бэрхшээлтэй болсон нь ажиглагдах бөгөөд шинэ төрлийн аймшигт гэмт хэргүүд гарах болжээ.

Иймд мэдлэг чадвар, ур ухаанаа улам хөгжүүлж, хурдан шуурхай ухаалаг шийдвэр гаргаж ажиллах нь маш чухал шүү гэж боддог.

Одоо Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаа П.Оростогоо дарга маань Бор-Өндөр сумын цагдаагийн тасгаас төрсөн дарга бөгөөд бид хамт ажиллаж байсандаа бахархаж байдаг. Бидний дундаас олон сайн дарга ажилтнууд төрсөнд баярлаж явдагаа илэрхийлж энэхүү дурсамжаа өндөрлөе.

Ингээд удахгүй болох цагдаагийн байгууллагын 95 жилийн ойгоо угтаж ажлын их амжилт гаргахыг хүсье.

 

  

Цагдаагийн бэлтгэл хошууч Самбуугийн Батболд

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна