/ Цагдаа 100 / Алдрын булан / ДУРСАМЖ - Цагдаагийн бэлтгэл ахмад Р.Ганхүү

ДУРСАМЖ - Цагдаагийн бэлтгэл ахмад Р.Ганхүү

ЭР ХҮН БОЛГОН ХИЙГЭЭД БАЙДАГГҮЙ, ЗОРИГ ТЭВЧЭЭР

ШААРДСАН ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ ТУСГАЙ АЛБА

 

Би 1963 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, хуульч, эрх зүйч, техникч-механикч мэргэжилтэй.

Би 1980 онд наймдугаар анги төгсөж Улаанбаатар хотын Төмөр замын техникумын авто механикийн ангид суралцаж төгссөн. 1981-1984 онд Монгол Ардын Армийн 131 дүгээр ангид цэргийн хугацаат албыг хааж, 1987 оноос аймгийн Тээврийг удирдах газарт шалгах механик, хэсгийн дарга, тээвэр зохицуулагч, аймгийн Засаг даргын тамгын газарт санхүү, аж ахуйн тасгийн дарга бөгөөд механикчаар ажиллаж байгаад 1996 оны 03 дугаар сарын 01-нээс аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн албанд тоо бүртгэгчээр орж, 2003 оноос замын цагдаагийн байцаагчаар ажиллаж байгаад 2009 оны 10 дугаар сард цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан.

Намайг цагдаагийн албанд анх оруулсан хүн бол Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Ц.Баярсайхан юм. Анх бид хоёр хөдөө анд явж танилцсан бөгөөд тэрээр “Чи чинь автын мэргэжилтэй хүн гэсэн байх аа. Манай замын цагдаагийн албанд техникийн мэргэжилтэй хүн хэрэгтэй байна. Чи манайд орж ажилла” гэж зөвлөсний дагуу техникийн тоо бүртгэгч-цагдаагаар орж ажилласан юм.

Тэр үед цагдаагийн хэлтсийн зохион байгуулалттай, орон тоо ажиллах хүн хүч харьцангуй бага байсан.

Замын цагдаагийн алба бол цагдаагийн алба дотроо ажил үүргийн хуваарь их өөр, мэргэшсэн алба гэж би боддог. Жишээ нь: Осол хэргийн техникийн дүгнэлтийг мэргэжлийн үүднээс хэргийн газрын үзлэгийг нарийн хийж техникийн гэмтэл, шалтгаан, нөхцлийг зөв тодорхойлох, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг нийт тээвэрчдэд танилцуулан ойлгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах гол үүрэгтэй алба юм. Энэ үүргээ нийт Замын цагдаагийн албан хаагчид дүүрэн хангалттай биелүүлсээр ирсэн, одоо ч биелүүлэн ажиллаж байгаа гэж би ойлгодог.

Би тус замын цагдаагийн тасгийн албанд ажиллах хугацаандаа 5 даргын нүүр үзсэн. Энэ албанд намайг ажиллаж байх хугацаанд надаас өмнө тус албаны ахлах байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн хошууч Б.Цогбадрах гэдэг хүн 1989 онд цэргийн тэтгэвэрт гарч түүнээс хойш нэг ч хүн цэргийн тэтгэвэрт гаралгүй 20 жил болсны дараа буюу 2009 онд би цэргийн тэтгэвэрт гарсан нь сонин тохиолдол бөгөөд би надаас хойш тэтгэвэрт гарсан хүн алга.

Ер нь цагдаагийн алба бол өндөр хариуцлагатай, ард иргэдээ амар тайван байлгахын төлөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, өдөр шөнийн 24 цагт байнгийн бэлэн байдалд байдаг, эр хүн болгон хийгээд байдаггүй, зориг тэвчээр шаардсан өндөр хариуцлагатай тусгай алба юм. Үе үеийн дарга нар, ахмад ажилтанууд хойч үе бидэндээ байнга сургаж, залгамж үеээ бэлтгэн дадлагажуулж байдаг.

Одоо цагт өндөр хурд, хүч чадалтай тээврийн хэрэгслүүд олширч байгаа сайн талтай ч, онол техникийн мэдлэг муу жолооч нар олширсноос сүүлийн жилүүдэд осол хэргийн тоо ихсэж, эрдэнэт хүний амь нас олноор цаг бусаар эрсдэж байгаад сэтгэл зовниж явдаг.

Цагдаагийн газарт ажиллах хугацаандаа 2005, 2007 онд байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар шалгарч байсан ба 2002 онд Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, 2005 онд тээврийн байгууллагын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Монгол Улсын “Онц тээвэрчин” цол тэмдэг, 2008 онд Монголын Залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” хүндэт тэмдэг, 2008 онд Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Цагдаагийн Ерөнхий газар, Замын Цагдаагийн газар, Хэрэг бүртгэх газрын “Баярын бичиг”, Цагдаагийн Ерөнхий газрын дурсгалын “Мөнгөн бөгж”-өөр тус тус шагнагдаж байсан.

Цагдаагийн газрынхаа бие бүрэлдэхүүнд Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэнд, Замын цагдаагийн тасгийнхаа хамт олонд Монгол Улсад Замын цагдаагийн алба үүсэн байгууллагдсны 80 жилийн ойн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

Цагдаагийн бэлтгэл ахмад Р.Ганхүү

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна