/ Цагдаа 100 / Алдрын булан / ДУРСАМЖ - ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ АХМАД ЖУНАЙН ТҮМЭНЖАРГАЛ

ДУРСАМЖ - ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ АХМАД ЖУНАЙН ТҮМЭНЖАРГАЛ

ЦЭРГИЙН АЛБАНААС ЦАГДААГИЙН АЛБАТАЙ

ХОЛБОГДСОН ТАВИЛАН

  Жунайн Түмэнжаргал миний бие нь 1961 онд Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг гэдэг газар Гомбын тавдугаар хүү болон төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд Галшар сумын 8-н жилийн сургуульд орон суралцан 1977 онд ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд, Дорнод, аймгийн ХАА-н Техникумын малын эмчийн хуваарь авсан боловч авалгүй ХАХЗЭ-ийн илгээлт авч мал дээр гарч нэгдэлд малчин болсон юм.

Мал маллаж байгаад 1979 оны 06 дугаар сард цэргийн албанд Улаанбаатар хотод Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид хуваарилагдан бага түрүүч цолтой цэргийн албыг хаасан. Улаанбаатар хотын Нисэхийн таван толгой дахь цэрэг татлагын дамжин өнгөрүүлэхэд Хэнтий аймгаас алба хаахаар ирсэн цэргүүд хуваарь хүлээн байтал, цэргүүдийн жагсах команд гэнэт өгөөд намайг есөн нөхрийн хамт оросын Газ-66 маркын бүхээгтэй ногоон машинд суулган явсаар, харанхуй болсон хойш ногоон өнгийн платка барьсан цэргийн хуаран бололтой газар угтсан нь бидний алба хаах Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар анги минь байсан билээ.

Цэргийн алба хаахаар, нас тэнцэж, бие жигдэрсэн олон аавын хүүхдүүд бид цэргийн албаныхаа дүрэм, галын бэлтгэл, жагсаалын бэлтгэл гээд бүх л сургалтыг өдөр тутамдаа хийж, цэргийн дэг журам, тэсвэр хатуужлын сургалтыг 45 хоног хийж дуусгаад 1979 оны 08 дугаар сарын 15-нд тангараг өргөсөн юм.

Дараа сараас манай ангийн цэргүүд Улаанбаатар хотын харуул рот байрлах газарт сургалтанд хамрагдаж тусгай мэх, галт зэвсэг, хэв журмын чиглэлийн хичээл сургалтуудыг цагдаагийн багш нараар заалгаж, ерөнхийдөө цагдаагийн дамжаанд суралцсан юм. 1980 оноос эхлэн биднийг цагдаагийн пагон бүхий цэргийн хөх өнгийн хувцасаар бүрэн хувцаслаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гудамж талбай олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах эргүүл шалгалтанд маршрут өгөн ажиллуулж байлаа.

Эргүүлд ажиллаад эхэлснээр Улаанбаатар хотынхон –“Үстэй цагдаа нараас энэ үсгүй цагдаа-цэргүүд хэцүү шүү, учир мэдэхгүй шууд л барина шүү” гэж хүртэл ярьдаг болсон нь цэргүүд бидний идэвхтэй ажиллагаа, зөрчлийг бага гэхгүй архи уусан үнэртүүлсэн, маргалдсан, зодолдсон хүнийг шууд журамладаг, эрүүлжүүлэх байранд хүргэдэг зэргээс хүмүүс нилээн эмээдэг байснаас биз ээ.

Манай ангийн нийтийн хэв журмын эргүүлд ажилласан тэр үеэс Улаанбаатар хотод гудамж талбайд гардаг гэмт хэрэг, зөрчил ч эрс буурч байсан ба манай цэргүүд нилээн хэдэн хэргүүдийг илрүүлэн гэмт этгээдийг үйлдэл дээр барьж 24 цагийн чөлөөгөөр шагнуулж байсан удаа байсан юм.

Нэгэн хэргийг дурьдвал: 1981 оны 01 дүгээр сарын идэр гурван есийн хүйтэн тачигнасан шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн хүнсний их дэлгүүрийн гадна нэг нөхрийн хамт эргүүлд гарч байтал дэлгүүрээс баруун тийш гудамж нь гэрэлтүүлэггүй хэсэгт эмэгтэй хүн орилох чимээ гарахад бид хоёр шууд гүйсээр очиход нэг эмэгтэй миний малгайг булаагаад зугтчихлаа гээд уйлж байлаа. Бид хоёрыг баруун тийш харахад гандангийн дэнж өөд нэг хүн гүйж байхаар нь шууд араас нь хөөгөөд 30 метр зайд ойртоод зогс буудлаа шүү гэж хашгирахад тэр хүн өврөөсөө хар өнгийн сээгий хэмээх үстэй малгайг хаяад цааш зугтахад нь бид хоёр ч хөөсөөр гэр хорооллыг гудамжинд оруулаад гүйцэж барьсан юм. Малгайг булаагчийг хохирогч эмэгтэйн хамт цагдаагийн төвд хүргээд постон дээрээ ирж, маргааш нь хамт ажилласан Дорнодын Энхболд бид хоёр анги дээрээ жагсаалын өмнө сайшаагдан 24 цагийн чөлөөгөөр шагнуулж билээ.

Хөдөөний малчин байсан би Улаанбаатар хотод нийтийн хэв журам сахиулах эргүүлийг гурван жил гүйцэтгэж цагдаагийн ажилд сонирхолтой болсон учир нутгийн Г.Ганхүү, Дорнодын Д.Энхболд нарын хамт хугацаанаасаа өмнө цагдаа болоод өөрийн төрөлх Хэнтийн Цагдаагийн газарт 1982 оны 02 дугаар сард томилогдож ирсэн юм.

Хэнтий аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс гэсэн хаяг бүхий, намхан цагаан байшингийн гадаа машинаас буухад нилээн ширүүн байрын сүртэй төрхтэй өндөр дуутай нэг хошууч угтан авч өрөөндөө дагуулж орсон нь миний шууд захирах дарга, сэргийлэх хамгаалах албаны ахлах хошууч Дугарсэдэд гэдэг хүн байсан юм.

Маргааш нь банкны постонд томилогдон ажилдаа орж постноос буусан өдрийнхөө орой нь эргүүийн үүрэг гүйцэтгэдэг байлаа тэр үед төвд 24 цагдаа л ажилладаг байсан ба харуул, нийтийн хэв журам сахиулах эргүүл, үзвэр үйлчилгээний газарт очерь дугаарын зохицуулалт хийх гэх мэт цагдаа оролцохгүй ажил бараг л байдаггүй байлаа. Эрүүлжүүлэх, баривчлах байр, Монголбанк, аймгийн захиргаа, намын хороо, урьдчилан хорих байр гээд постуудад ээлжээр гардаг бөгөөд Өндөрхаан хотын зургаан хороог мөн хариуцан ажилладаг байлаа.

Ардын нөхөрлөлийн гишүүд, албан газрын эргүүлийг хуваарийн дагуу хотын дотор гаргадаг бөгөөд цагдаа, иргэдийн хамтын ажиллагаа одоотой л адил хийгддэг байсан юм. Тэр үед одоотой харьцуулахад гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал харьцангуй тайван, онц ноцтой хэрэг тоотойхон гардаг, архи уудаг цөөхөн хэдэн хүн л байдаг байсан.

Би 1982-1994 онд сэргийлэх хамгаалах албанд цагдаагаар ажилласан бөгөөд 1994 онд Цагдаагийн сургуулийн дэргэдэх хэсгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгчийн дамжаанд суралцаж төгсч 1994 оны 09 дүгээр сард дэслэгч цолтой хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирж, Баянхутаг, Баянмөнх, Баянхутаг, Мөрөн сумдад ажиллаж байгаад 2004 онд Цагдаагийн газрын 102-ын шуурхай удирдлагын төвийн ерөнхий жижүүрээр томилогдон ажиллаж байгаад 2008 онд  гавъяаныхаа амралтанд гарсан билээ.

Намайг цагдаагаар анх тосон авч удирдан ажилласан шууд захирах  албаны дарга хошууч Дугарсэдэд, ахмад Гөлгөө нар маань өндөр шаардлагатай, зарчимч, шударга, удирдах чадвартай, бид бүхэнд өдөр тутам заан зөвлөж, алдаа дутагдал бүхнийг засч, сурган дадлагажуулж чиглүүлж өгч байсныг дурьдахуй өнгөрөхийн аргагүй. Энэ албанаас олон ч хүн офицерийн бүрэлдэхүүнд орсон шүү.

Би цагдаагийн байгууллагад нийтдээ 23 жил ажилласан байна.

Миний ажлын амжилтыг байгууллага, төр засаг үнэлэн 1984 онд Цагдаагийн газрын оны аварга цагдаагаар, 1991 онд аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар, 1987-1989 газрын хэв журмын тасгийн оны аварга ажилтнаар, 2006 онд Нийтийн хэв журам хамгаалах газрын жуух бичгээр, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн хүндэт медалиар, 2007 онд Цэргийн хүндэт медиалиар шагнаж байсан.

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн газрын бие бүрэлдэхүүндээ дэвшүүлэн, ард иргэдийнхээ энх амгалангийн соргог манаанд нойроо хугаслан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явдаг офицер, ахлагч нартаа ажлын өндөр амжилтыг хүсэхийн хамт цагдаагийн байгууллагын үе үеийн ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

 

 

ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛАХМАД ЖУНАЙН ТҮМЭНЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна