/ Цагдаа 100 / Алдрын булан / ДУРСАМЖ - Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Дансрангийн Дангаасүрэн

ДУРСАМЖ - Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Дансрангийн Дангаасүрэн

БИД ӨӨРСДИЙГӨӨ “ЭЛСНИЙ 13” ГЭЖ НЭРЛЭДЭГ БАЙЛАА

Миний бие Завхан аймгийн Сонгино сумын уугуул, 1957 онд Улаанбаатар хотод төрж өссөн. 1964 онд Улаанбаатар хотын улсын тэргүүний 28 дугаар сургуулийг анх байгуулагдах үед нь 1 дүгээр ангид орж суралцаж 10 дугаар ангиа 1974 онд төгсөөд, Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуулийг төв сургуулийн суурин дээр анх  байгуулагдах үед нь орж суралцан 1977 онд анхны төгсөлтийн 76 сонсогчийн нэг нь болсондоо туйлын их баяртай байдаг.

Цэргийн тусгай дунд сургуульд бидний 50 сонсогчийг хуулийн мэргэжлээр төгсгөн, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай аймгуудын сумдыг хэсгийн төлөөлөгчөөр хангах зорилгоор хөдөө суманд томилсон. Үүнээс Хэнтий аймагт манай төгсөлтийн 13 хүн хуваарилагдан ирж байлаа. Биднийг тухайн үед цагдан сэргийлэх ангийн даргаар ажиллаж байсан Мөнхдалай хошууч ЗИЛ-130 машинтай авчирч байсан.

Бид бүхэн тэр үед өөрсдийгөө “Элсний 13” гэж нэрлэдэг байлаа.

Анхны төгсөлтийн 13 офицер залуугаа Хэнтий аймагт 1977 оны 07 дугаар сарын 17-ны шөнө бүтэн 12 цаг явж ирэхэд Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн хашаанд 4 гэр барьчихсан тэр үед ахлах ня-бо байсан Баярсайхан, ахмад Гөлгөө, сэргийлэгч Мижиддорж, Ганлхагва нар гэр зочид буудалд угтан авахад цагдаагийн цэрэгжилт, элэгсэг дотно харьцаа гэдгийг мэдэрч байж билээ. Маргааш өглөөнөөс эхлэн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргын өрөөнд 7 хоног семинар сургалт хийгээд хэсгийн төлөөлөгч ямар маягаар ажиллах, хүнтэй яаж харьцах зэрэг ажил албаны дөртэй болж, Улаанбаатар хотоос гадагш гарч үзээгүй хорьхон настай жаахан хүүхдүүд албаны сургалтаар малын им, тамга тэмдэг зэрэг нилээдгүй зүйлсийг мэдэж авлаа. Ингээд Дархан суманд хуваарилагдаад цагдан сэргийлэх хэлтсээс сейф, ширээ сандал, цэрэг эмээл, хазаар ногт, шуудангийн төмөр хайрцаг, лац ломбо зэрэг зүйлийн аваад шуудангийн ГАЗ-53 машин дээр ачаад явж байж билээ. Ажлаа Багануурын цэргийн хэлтсийн дарга асан Ц.Баярсайханаас хүлээж аваад эхлэхэд сургалтын үеэр зааж сургаж байсан бүхий л зүйл маш их хэрэг болж байсан.

Тэр үед  хорьхон настай байсан болоод ч тэрүү сумын гурван томын нэг гэж бодохоор онгирмоор бахадмаар байсан ч биеэ барьж их албархуу байж билээ. Анх ажил дээрээ (албаны өрөө) очоод юу ч хийхээ мэдэхгүй захиргааны контороос орж гараад л, хүн олон цугларсан газраар нааш цааш яваад л, өөрийгөө л таниулах гэж яваа нь тэр байх даа.

Би тэр үед урт савхин дээлтэй саравчтай малгайгаа духдуулж өмсөөд герман цэргийн офицер шиг л явдаг байлаа.

Анх миний өрөөнд 3 дугаар бригадын З.Хуц гэдэг хүн орж ирэн, морь малаа алдчихлаа гээд өргөдөл өглөө. Тэр хүнээс тайлбар авахаар овог нэрийг асуухад - Зундуйн Хуц гэхээр нь зэвүү, уур хоёр зэрэг хүрч нилээд ширүүхэн - Нэр чин хэн гэнээ? гэтэл - Хуцаа гэдэг байгаа. Анх ийм нэр сонсоход хэцүү, бараг л цохиод авмаар санагдаж байж билээ. Сүүлдээ дассан. Ер нь Дархан сумаар эцэг малын нэртэй хүн олон байсан. Хар, хөх, шар, ногоон, улаан хүртэл ухна олон байсан. Юм мэдэхгүй хүнд чинь их сонин байдаг юм билээ. Хуц гуай тэр үед улаан морь алдчихлаа гэж тэмдэглүүлж байсан. Тамгыг нь бол өөрөөр нь зуруулаад авчихна. Харин зүсийг өнгийн харандаагаар ялгаж зуруулж авах биш улаан морь гэхээр улаан өнгийн сурагчийн галстуг шиг морь байдаг байх гэж бодож явлаа. Гэтэл тийм өнгийн морь хаана байв гэж дээ. 1977 оны 08 дугаар сард бригадын өдөрлөгөөр явж байгаад миний хайж явсан улаан, ногоон,  өнгийн морь харагдахгүй болохоор нь Дархан сумын нэгдлийн дарга Цэрэнням гуайгаас нэрэлхэлгүй асуусан чинь учиргүй инээд алдаж байснаа бригадын өдөрлөгүүд дууссаны дараахан сумын урдах хонхорын нууран дээр адуу авчруулаад адуучнаар зүс бүрээс нэг адуу бариулав. Надад зүс нэг бүрийг хэлж өгөөд ноормын 20 морь зааж өгч билээ. 1978 онд  Дархан сумын 20 жилийн ойгоор өртөө адуучин Лүнгээ гуайгаар ноормын адуун дотроосоо “үүт хүрэн” гэдэг морийг уяуулж, их насны 130 гаран морь уралдахад аман хүзүүнд давхиулж мөнгөн медаль авч байсан. Энэ нь хэсгийн төлөөлөгчид ямар морь ноормонд өгсөн бэ? гэдгийн нэг илрэл байгаа биз.

Тэр үед машин тэрэг гэж байсан биш мориор ажлаа  амжуулдаг байлаа шүү дээ.

Сумдын хооронд хэрэг шалгаж яваад шөнө нь төөрнө, хаашаа явахаа мэдэхээ болихоор эмээлээ дэрлээд, тохмоо дэвсээд унтаж л байлаа. Тэр үеийн хэсгийн төлөөлөгч шилийн сайн эрчүүд шиг л явдаг байлаа.

1978 оны намар Цэеэрэгзэн генералаар удирдуулсан Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын нэрэмжит шалгалт ирлээ гэж байна. Бид нар ч жил гаран ажилласан, нилээд догь сууж хөдөөний үнэр үнэртүүлсэн хүмүүс, шалгалтыхан ч биднээс асуулт асуугаад л, зарим нь бүрэн, зарим нь дутуу дулимаг хариулаад л байсан.

Миний ээлж ирэхэд хонины яс нэрлэх даалгавар өгөгдлөө. Толгой, хүзүү, сээр, нуруу, дал, булуу гээд хэлчихсэн чин бүгд нир гээд инээлдээд явчихлаа. Хөдөө айлаар явахдаа хүмүүсийн ярианаас л бүх зүйлсийг нь суралцаж байсан болохоор тэгээд хэлчихсэн чинь үхрийн дунд чөмгийг булуу гэдэг юм байж. Манайхан өөрсдөө мэдэж байсан ч юмуу, үгүй ч юмуу, бүгд л намайг шоглож инээлдэж билээ.

Би Хэнтий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст 1977 онд ирснээсээ хойш Дархан суманд 2 удаа, Баянмөнх, Галшар, Норовлин, Өндөрхааны сангийн аж ахуй, Бор-Өндөр суманд хэсгийн төлөөлөгч, хүүхдийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, хэв журмын тасгийн дарга, 2 удаа Бэрх хотын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга зэрэг ажлуудыг 39 жил тасралтгүй хийж байна.

1979 онд Норовлин сумын хэсгийн төлөөлөгч байхдаа албан үүргээ гүйцэтгэж яваад түймрийн нөөлгөнд туугдсан 6 хүнийг зогсоон галаа сөрж гаран 5 хүний амийг аварч, өөрөө маш хүнд хэлбэрийн түлэгдэлтэй 9 сар эмчлүүлж, шархаа гүйцэт эдгээгүй байхад ажилдаа эргэж орж байсан. Намайг тэр үед Улаанбаатар хотод шилжин ажиллах санал тавьж байсан. Би тэр үед сайхан хамт олон, сайн найзуудтайгаа ажиллаж байсан болохоор тэр саналаас татгалзсан. Биднийг анх ажил амьдралын гарааг эхлүүлэх үед ажиллаж байсан. “13 хүүхэд хүзүү хуруугаараа тойруулсан” Энх-Амгалан хаан шиг сайхан хүмүүс биднийг ажил амьдралд сургаж хайрлан халамжилж байсан болохоор Хэнтий  аймгаас явах хүсэл надад байгаагүй. Миний хайрлаж хүндэлж, биширч явах ёстой хүмүүс ИАХ Хэлтсийн дарга, хурандаа Жамьяандорж, Цагдан сэргийлэх ангийн дарга дэд хурандаа Болдхүү, Мөнхдалай, дэд хурандаа Ц.Баярсайхан, Баасанхүү, тэр үеийн цолоор хошууч Цэндсүрэн, Бадгар, Лувсанцэрэн, Лувсанцамц, Гомбосүрэн, ахмад Лувсанцэрэн, Гомбосүрэн, Пүрэв-Очир, Мишигдорж, Цэрэндондов, Норовсамбуу, Дашдаваа, Гөлгөө, Шараа зэрэг хүмүүс байнаа. Эдгээр хүмүүсийн ачаар Хэнтий аймгийн цагдаагаас 2 генерал, 20 гаруй хурандаа цолтон төрөн гарч, цагдаагийн байгууллагыг дээд албан тушаалтай хашиж байжээ гэж би ойлгодог.

Анх Дархан суманд томилогдон ажиллахдаа хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч нартай хамтран ажиллаж мэдэхгүй чадахгүй зүйлээ суралцаж байлаа. Зэргэлдээ Галшар суманд одоогийн генерал Ч.Амарболд , Баянхутаг суманд дэд хурандаа А.Энхбаатар, Баянмөнх суманд Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Ц.Баярсайхан, Дэлгэрхаан суманд дэд хурандаа Б.Энхтөр бид нар хамтран ажиллаж гайгүй ажлын туршлагатай болсон гэж ойлгож байдаг.

1981 оны 12 дугаар сараас Дархан сум, Бор-Өндөрийн хэсгийн төлөөлөгчөөр дахин томилогдон жил гаран ажиллаж байгаад Бор-Өндөрийн цагдаагийн хэсэг байгуулагдаж хошууч Батцэрэнд Бор-Өндөрийн ажлыг, хүлээлгэн өгч байлаа. Хүүхдийн төлөөлөгчийн ажлыг дэслэгч Жамсрангаас авч ажиллаад дэслэгч Баатарт хүлээлгэн өгч байлаа. 1990 онд эдийн засгийн ахлах төлөөлөгчийн ажлыг дэд хурандаа Сэсээрээс хүлээж аваад 1993 онд хошууч Жагванжавт хүлээлгэн өгч байлаа. 1993 онд хэв журмын тасгийн даргын ажлыг хошууч Баярсайханаас хүлээж аваад 2002 онд одоогийн дэд хурандаа Батхүүд хүлээлгэн өгч, цэргийн байнгын тэтгэвэрт гараад цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн даргын ажлыг эрхлэж гүйцэтгэх болсон доо. Би 1999-2000 онд Бэрхийн цагдаагийн тасгийн даргын ажлыг жил гаран хийх хугацаандаа маш их ажилсаг хамт олонтой ажиллаж байсан даа одоог хүртэл бахархан ярьж байдаг. Тухайн үед дэд хурандаа П.Баярсайхан, хошууч Т.Мөнхжаргал, дэслэгч Шүрэнцэцэг, ахлах дэслэгч С.Пүрвээ, ахлах ахлагч Буятогтох, Батбилэг, Б.Лхагвасүрэн, С.Одбаяр, Батсайхан, дэд ахлагч Батцэнгэл, Цолмон, Өлзийхутаг, Д.Балдангомбо, Нямсүрэн бид нар гар нийлж ажиллаж байсан. Эрүүлжүүлэх өрөөнүүдийн 3 өрөө болгон засварлаж аймагт байгаагүй камерийн системийг хүртэл тавьж жижүүрийн байрнаас дэлгэцээр хянадаг байлаа.

Хэсгийн төлөөлөгч, бүх албадын үзүүлэх сургуулийг Бэрхийн тасаг дээрээ анх удаа хүлээн авч байлаа.

2000 оны 12 сард Д.Ганхуягт ажлаа өгч, дүү маань 16 жил бэрхийн тасгийн даргаар ажиллаад хурандаа цолоор шагнагдлаа шүү дээ.

Хэв журмын тасгийн дарга болоод хэв журмын ажлыг мэдлэг боловсролтой, чадварлаг авхаалж, самбаатай, ажилч хичээнгүй, залуучуудаар багаа бүрдүүлэхээр дэд хурандаа Рэнцэндоржтой хамтран залуучуудыг судалж авч байлаа. Эдгээр залуучууд маань одоогийн шинэ үеийн цагдаагийн байгууллагын өнгийг тодорхойлогч хүчин болсон байгаад би өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг юм. Хурандаа П.Оростогоо, Ц.Ариунбат гээд олон хүмүүсийг дурдахын зэрэгцээ одоо ажиллаж байгаа дэд хурандаа Ц.Баярхүү, Д.Батхүү, хошууч З.Мөнхнаран, Г.Адьяабилэгт, Г.Отгонжаргал, ахмад Д.Баасандорж, Б.Атаррагчаа, шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ц.Батсайхан, ахлах шинжээч хошууч Ш.Цолмон, ШШГА-ын дарга, хошууч Б.Нандинболор зэрэг олон залуус бүгдээрээ газар хэлтэс тасаг, албадын дарга болсон байгаад би бахархагүй байхын арга алга. Иймээс ч би өөрийгөө цагдаагийн байгуулагын алдартан, цагдаагийн байгууллагын гавъяат үйлстэн гэж өөрийгөө бодож огшиж явдаг даа.

Эртний түүхтэй эзэн Чингис хааны нутагт шинэ үеийн цагдаагийн байгууллагын үйл хэргийг хэрэгжүүлэгч, цагдаагийн албанд цаггүй зүтгэж, Хан Хэнтийчүүдийн амар амгалан амьдралын төлөө сэтгэл, оюун авъяас, хүч чадвараа дайчлан ажиллаж ирсэн ажилтан, алба хаагчид болон үе үеийн ахмадууд та бүхэндээ, мөн ар гэрийнхэнд нь Монголын Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Монголын Цагдаагийн үйлс дэвжин дээшилж өлмий бат, мэлмий тунгалаг, хийморь золбоо нь шамдан бадрах болтугай

 

 Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Дансрангийн Дангаасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна