/ Цагдаа 100 / Алдрын булан / Дурсамж - Цагдаагийн бэлтгэл хошууч Гонгорын Бадгар

Дурсамж - Цагдаагийн бэлтгэл хошууч Гонгорын Бадгар

Төр, түмнийхээ төлөө зүтгэхээс илүү эрхэм  гавьяаг би мэдэхгүй

Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Гонгорын Бадгар миний бие тэртээ 1933 онд Сэцэн хан аймгийн Зоригт бээсийн хошуунд одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг “Баянмөнх” хэмээх ариун дагшин газар шорооноо эхээс анх мэндэлсэн.

Тухайн үеийн төр засгийн буянаар эрдэм мэдлэгтэй болж улмаар 1953 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид “Цагдан сэргийлэгч” хэмээх нэр хүндтэй ажилд орж хөл газар хүрэхгүй баярлаж байснаа 85 насныхаа өндөрлөгөөс эргээд бодоход саяхан юм шиг тодхон санагдаж байна.

 “Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно” гэж П.Бадарчийн бичсэнээр залуу насныхаа ааг хүчинд итгэж, хүмүүний гэрэлт амьдрал аз жаргалын төлөө амь нас, алдхан биеэ үл хайрлан тэмцэнэ хэмээн тангараг өргөсөн идэрхэн эр 1955 онд Цагдан сэргийлэх байгууллагын Үндэсний кадрыг бэлтгэх 6 сарын курсыг Улаанбаатар хотод дүүргэсэн бол 1965 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотноо Мөрдөн байцаах ажлын 6 сарын курсыг төгсөж ирээд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид цагдаа, эрүүгийн төлөөлөгч, өмчийн байцаагч, ахлах төлөөлөгч, тасаг, группын дарга зэрэг нэн хариуцлагатай алба хашиж 40 жил чөмгөө дундартал зүтгэж, 1994 онд насныхаа тэтгэвэрт  гарсан юм. 

Цагдаагийн байгууллагын албанд хүчин зүтгэх явцдаа олон сайхан хүмүүстэй гар нийлэн ажиллажээ. Заримаас нь дурсахад хошууч генерал Отгонжаргал, 1967-1973 оны хооронд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангийн даргын албыг хашиж явсан, гавьяат хуульч, цагдаагийн дэд хурандаа Ц.Содов, Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Үржиндорж гэсэн сайхан сэтгэлтэй, хүн чанартай, ухаалаг, ноён нуруутай, төлөв төвшин хүмүүс миний ажил амьдралд тусалж явсанд өвгөн болсон ч өнөө хэр нь би эргэн дурсан баярлаж сууна.

Би бээр дөчин жил цагдаагийн албанд ажиллахдаа олон арван ээдрээтэй гэмт хэрэгтэй тэмцэж явлаа. Жишээ нь: 1970-аад оны үед Дадал суманд бригадын дарга Ц гэдэг хүн усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болсон, учир битүү хэрэг гарлаа. Ямар нэгэн сэжиглэх сэжүүр байхгүй энэ асуудлыг хурдан шуурхай учрыг нь ол гэж удирдлагаас надад тушаах нь тэр. Надад ямар үгүй гэх эрх байх биш зүтгэлээдээ. Бүтэн хоёр сар мөрдөж шалгасны эцэст “Ногоон” хочит Б гэдэг этгээд өс хонзонгийн улмаас Ц-г хутгалж амь насыг нь хөнөөгөөд 30 гаруй километр газарт зөөвөрлөж ой модон дотор булсаныг илрүүлсэн юм. Тэр этгээд хэргийн газар өмсөж явсан малгайгаа орхисон байж билээ. Сэжигтэн Б-н малгайг эхнэрээс нь өөр хүн танихгүй тул мань этгээдийг урьдчилан хорих байранд хорьчихоод “Царцаа ногоон” онгоцоор Дадал сум орж тэндээсээ мориор хөдөө явж Б-н эхнэрээс нь “Энэ малгайг танай нөхөр хэзээ авч өмссөн бэ?” гэж асуусан чинь харин “Манай нөхөр энэ малгайг хэдхэн хоног өмсөөд хаячихсан” гэж хэлснээр гэмт хэрэг илэрсэн юм.

Мөн 1976 оны зун Гурил тэжээлийн үйлдвэрт ачигч ажилтай З гэдэг хорин зургаахан настай сайхан залуу архины хар гайгаар БУК-ын улаан буланд нийтийн бүжиг болж байхад Улаанбаатар хотын Барилгын ТМС-ийн багшийг санаатайгаар хутгалж амь насыг нь хөнөөгөөд, хэргийн газраас зугтан гэртээ ирж, хөдөө бүгэхээр шийдэж хувцсаа аваад явах гэж байхад нь баривчилж байлаа. Энэ залуугийн хэргийг шүүх арай л чанга шийтгэсэн гэж хуульч хүний хувьд харамсаж явдаг. Хорих ял өгчих байх гэж харж байсан ч миний санаснаар болоогүй юм.

Миний бие нь хүн амины 12 гэмт хэрэг дээр ажилласан санагдаж байна. Энэ бүхнээс хамгийн хэрцгий аргаар үйлдэгдсэн хэрэг бол 1978 онд Бэрхийн уурхайн мастер Б-г хөнөөсөн явдал. Энэ аймшигт хэргийг М гэдэг 22-хон настай залуу өс хонзонгийн улмаас олон хоног занаж бүр төлөвлөж байгаад Б-г ажлаасаа тараад гэрлүүгээ харьж явах замд нь отож уулзаад, наадмын талбайд оруулан хутгалж амь насыг нь хөнөөсөн юм. Мөн л хэргийн газраас зугтааж иргэдийн сэтгэл санааг цочирдуулж байсан юмдаг.

Мал хулгайлах гэмт хэрэг мэр сэр гарна. 1963 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Мөнх-Манлай нэгдлийн 4 азарга адууг 400 километр газар хөлөөр нь тууж Хэнтий аймгийн Батширээт суманд тараасныг  шалгаж Г, С нарын 4 этгээд үйлдсэнийг илрүүлж байлаа.

Энэ бүхэн бол зөвхөн миний сайнаас болоогүй хамт ажиллаж байсан туршлагатай алба хаагчдын тус дэмээр өдий зэрэгт хүрсэн гэж би бахархаж явдаг билээ. Харин миний бие бусад мундаг ажилчдаас олж авсан туршлагаасаа хойшид Цагдаагийн байгууллагыг авч явах ирээдүйтэй 15 залуугийн ажил амьдралд дэм болж чадсандаа сэтгэл өег явдгаа энэ дашрамд хэлье.

Миний мөрдөн байцаагчийн мэргэжлийг хүү Батсайхан үе дамжин  залгуулж, цагдаагийн дэд хурандаа цолтой ажиллаж байгаа нь өвгөн надад таатай байдаг.

Би бээр Монгол Улсын гавьяат хуульч С.Дамдин, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд, УМБГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа Л.Сүхээ, Б.Батболд,  Д.Ганхуяг, Х.Цогтбаатар, Дуламрагчаа, Я.Болд, дэд хурандаа Б.Энхтөр нарыг цагдаагийн жинхэнэ эр зоригтой алба хаагч болж хат суухад нь сурсан мэдсэн зүйлээ сэтгэл зүрхэнд нь шингээж өгсөн гээд сайны жишээ олныг дурсаж буйдаа баяртай байна.

Өнөөдөр энэхүү цагдаагийн байгууллагын амаргүй шударга үнэний туйл болсон тэнгэрлэг албанд хүчин зүтгэж байгаа залуусдаа хандаж ахмад хүний хувиар захиж хэлэхэд хуульч, эрх зүйч хүн “эхлээд хүн болох ёстой, дараа нь хуульч болох тангарагтай”-г цаг ямагт санаж явах хэрэгтэй. “Хүний хамгийн том албан тушаал бол хүн байх” гэсэн мэргэн үгийг санахад илүүдэхгүй болов уу.

Өвгөн цагдаа миний сэтгэл “Эргэн дурсахуй”-д орсон мэт сэтгэл ихэд хөдөлж энэхүү дурсамжийг нүдэндээ нулимстай бичлээ. Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан цагдаагийн хошууч Г.Бадгар миний биеийг төр засаг, түмэн олон минь өндөрөөр үнэлж “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Байлдааны” медаль, ”Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны гавьяаны медаль”, “Онц сэргийлэгч” болон ойн медалиар шагнаж урамшуулсан явдалд гүнээ талархаж суудаг юм. Өвгөн миний бие 85 насыг зооглон үр хүүхүүд, ач, зээ, гуч нарынхаа хамтаар энх тунх аж төрж байна.

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жил, Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн мэндийг төрөлх Хан Хэнтийн цагдаагийнхандаа болон ахмадууддаа, одоо ажиллаж байгаа шонхорууддаа хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.               

 

ЦАГДААГИЙН АЛДАР БАДАРТУГАЙ.

 

Цагдаагийн бэлтгэл хошууч Гонгорын Бадгар

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна