/ Цагдаа 100 / Алдрын булан / Дурсамж - цагдаагийн дэд хурандаа Уртнасангийн Баянмөнх

Дурсамж - цагдаагийн дэд хурандаа Уртнасангийн Баянмөнх

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭДЭГ БОЛ ТУХАЙН СУМАНДАА

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ГЭСЭН ҮГ ...

 Би 1990 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажилд орж 102-ын жижүүр, эргүүлийн цагдаа, 1992 онд хошууч Цогтбаярын мэдэлд эрүүгийн тасгийн цагдаагаар шөнийн эргүүл шалгалт, урьдчилан хорих байрны жижүүрээр ажиллаж байсан.

Дараа нь 1994 оны 1 дүгээр сард ангийн дарга, дэд хурандаа П.Болдын тушаалаар Хэнтий аймгийн хамгийн хүнд эрүү, хэв журмын нөхцөл байдалтай Дадал суманд цагдаагаар томилогдож, хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Лхагваагийн хамт ажиллаж байсан боловч 1995 оны 10 дугаар сард Биндэр сумын цагдаагийн тасаг байгуулагдахад хэсгийн төлөөлөгч маань шилжсэн тул би хэрэг бүртгэх эрхтэйгээр ганцаараа ажиллаж эхэлсэн юм.

Энэ үед жилд 40 гаруй хэрэг шалгаж, ажлаараа улсын хэмжээний 300 гаруй хэсгийн төлөөлөгчөөс 9 дүгээр байрт шалгарч Эрүүгийн цагдаагийн газрын сайшаалын үнэмлэхээр шагнуулж баярлаж байлаа.

Ингээд 3 жил дараалан сайн ажилласан учир 1997 онд цагдаагийн дэслэгч цолоор шагнуулж офицер бүрэлдэхүүнд орж жинхэнэ хэсгийн төлөөлөгч болсон.

Энэ үед Дадал суманд танхайн хэргээс гадна хил дамнасан малын хулгайн хэрэг их гардаг байсан ба хулгайч нар нь хил, аймаг, сум дамжин хулгай хийдэг байлаа.

Үүний дараа 2003 онд Батширээт сумын хэсгийн төлөөлөгчөөр, 2007 оноос Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2013 онд гавъяаны амралтандаа гарсан.

Ажлынхаа 20 жил буюу ихэнх цаг хугацааг хөвчийн гэж нэрлэгддэг Дадал, Биндэр, Батширээт сумдад өнгөрүүлсэн нь онцлог сонин санагддаг бөгөөд тухайн үеийн онцлогоор хөвчид нуугддаг байсан олон оргодлыг эрэн сурвалжилж баривчилж байлаа.

Үүнээс зарим жишээг дурьдвал:

Өмнөдэлгэр сумын нутагт хоёр хүний амь насыг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байсан Ө гэгч урьдчилан хорих төвд хоригдож байхдаа бие муудсан гэж шалтаглан эмнэлэгт хэвтэж байхдаа оргосон юм. Тэр үеэр цагдаагийн ахлагч Б.Лхагваа, ахлагч Д.Баатарсүх, ахлагч Н.Өвгөнхүү нарын хамтаар Өмнөдэлгэр сумруу чиг таамаг гарган мотоцикльтой явж байгаад Н.Өвгөнхүү бид хоёр Улаан-Өндөр гэх газарт хяналт тавьж дурандаж байтал ногоон дээлтэй, хөх алчуур толгойдоо ороосон эмэгтэй хүн хойд чигт явган явж байхыг холоос хараад ямар ч байсан шалгая гээд шууд чиглэн давхиж очлоо. Дөхөөд очтол нөгөөх маань савхин дээлний тамтаг нөмөрсөн, хөх ноосон цамц толгойдоо боосон нөгөө оргодол маань дүрээрээ болох нь танигдлаа. Хажууд нь очиход суун тусаж баруун гутлын түрийдээ гараа хийж нэг юм гаргаж ирэхэд нь буу тулгаж баривчлаад үзлэг хийхэд хурц үзүүртэй хутга хэлбэрийн төмөр авч явсан байв. Хуучирсан савхин дээл өглөөний наранд алсаас ногоон өнгөтэй харагдаж, нягталж шалгаагүй бол төөрөгдөх байсан юм.

Дадал сумын харъяат Б гэдэг залуу 1998 оны үед нэлээн хэдэн айлын адуу хулгайлсан хэрэгтэй оргож зугатаагаад баригдалгүй удлаа. Гэртээ байгаа үгүйг нь үзүүлэхээр хүн явуултал “Чи намайг цагдаа нарт зааж өгөх гэж явна уу? Тэгвэл оргодол А, Б нар Бугат гэдэг газарт ганц гэрээрээ өвөлждөг айлд хонож байгаа. Надтай хөөцөлдсөнөөс тэднийг барьвал арай дээр байх гэж цаад цагдаа нартаа хэл” гээд явуулсан байв. Орой 22 цаг өнгөрч байсан болохоор “юу ч гэсэн үзий” гэж бодоод сумын Засаг даргын машиныг авч цагдаагийнхаа хамт явав. Нөгөө айлаас 3-4 км-ийн зайд машинаа тавиад модон дотуур алхсаар очиход тэр айлын хашаанд 3 морь уясан байв. Гэрт ороход хаалга онгорхой, гэрийн эзнээс гадна анд явж байгаа 2 өвгөн байв. Буцаж явтал машин тавьсан айлын маань хойд модон дотор морьтой хүн явж байгааг харахад нөгөө оргодол Б мөн байв. Б урагш талруу гарч зугатахад цагдаа Д.Гантөгс маань айлын морь авч хөөхөд би араас нь дурандаж үлдлээ. Б хэсэг яваад өөр айлын гадаа очиж уяан дээр байсан морийг сольж унаад зугатахад цагдаа маань бас морь сольж хөөлөө. 10 гаруй км яваад эргээд миний байгаа айлын чигтэй эргээд давхихад нь машинаа модон дотор орхиод явж байгаа чигийг нь амдан гүйж голын гарамны хажууд бургасан дотор орж суулаа. Б зугатсаар Соогтойн голын гармаар гарахаар ирж голын мөсөн дээр гараад ирэхэд нь би гэнэт бостол морь нь бусгаад түүнийг мөсөн дээр шидчихэв. Тэр миний өмнө 5 метр зайд унаж баригдаж байсан юм. Уг нь Б тэр өвгөдийг өөр оргодлууд байна гэж буруу таньж хэл дуулгаад, бидэнд хэрхэн баригдахыг нь харах гэж яваад өөрөө баригдаж байсан юм. Анх зугатсан газарлуугаа эргэж ирдэг учир нь тэнд нэг сайн морь уяж орхисон байгаад тэрлүүгээ эргэж ирсэн нь тэр байв.

Дадал сумын харъяат А нь Б гэгч эмэгтэйтэй нийлж 1999 оны өвөл Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнод аймгийн Баяндун сум хооронд олон тооны адуу мал хулгайлж, буу агсаж, уул хадаар орогнож явсан юм. Тэднийг барихаар нэлээн хэдэн удаа үзсэн боловч барьж чадахгүй л байв. Ингээд нэг удаа хошууч Б.Цагаан, жолооч Ц.Болдоо, Норовлин сумын хэсгийн төлөөлөгч М.Жовддорж, Баян-Адарга сумын цагдаа Д.Сүрэнжав нарын хамт Дадал сумын Хүрэн шугуй гэх газраас эхлээд морьтой явж байж болох бүх газрыг самнаж үзлээ. Биндэр сумын Төмстэй гэх газарт байдаг урьд очдог байсан айлд очсон байж магадгүй гэж бодоод тэр айлд дөхөж очоод дурандаж харахад гэрийн эздээс гадна гадны нэг эмэгтэй байлаа. Бид нар Б гэдэг хүүхний нэрийг дуулсанаас биш таних мэдэхгүй тул, айлыг бүсэлж очоод уулзахад үстэй малгай, нэхий дээл, эсгий гутал өмссөн, салхинд борлосон царайтай залуухан хүүхэн өөрийгөө хойд айлын Ханд гэж хүн гэж танилцуулж байв. Гэрийн эздээс тулгаж асуухад “Та нарын эрээд яваа Б чинь шүү дээ” гэж хэлснээр таньж баривчиллаа. Б нь “А урд уулын модонд байгаа, шөнө ирнэ” гэхэд нь отсон боловч барьж чадалгүй алдсан боловч 3 сарын дараа барьж авсан юм. Б нь эмэгтэй хүн гэхэд их зоригтой, морь сайн бугуйлддаг, эмнэг сайн унадаг, сайн бууддаг, муухан эр хүнээс дээр хүүхэн байсан ч оргодол дагаж гэмт хэрэг үйлдэж явсанд нь харамсаж байсан.

Дадал сумын харъяат Ч, Г нар Батширээт сумын харъяат М-тай бүлэглэж 2005 онд Дорнод аймаг, Багануур, Мөнгөнморьтын хооронд 130 орчим үйлдлээр иргэдийн 400 гаруй адууг хулгайлсан хэргийг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Ууганбаярын хамт илрүүлэн шалгаж байлаа. Тэр өвөл Биндэр сумын Арангатай гэх газарт айлд Ч-г орогнож байна гэсэн мэдээлэл аваад алба хаагчдынхаа хамт шөнө хагасалж хөдлөв. Шөнийн 03 цагийн орчимд нөгөө айлд шууд давхиж очиход Ч-ын унаж явсан гэх алаг морь айлын гадаа эмээлтэй уяатай байсан тул алгуурлалгүйгээр айлын түгжээтэй хаалгыг ханз татан ороход баруун орон доогуур нэг хүн орж байгаа харагдав. Тэгэнгүүт нь цагаан төмөр орных нь хөлийг өшиглөж унагаад, дээрээс нь ортой нь дарж байгаад барьж авахад Ч урт винтов буу бариад хэвтэж байсан байв. Бууг нь авахад замаг татаатай, хоолойд сумгүй байсан ба үзлэг хийхэд халааснаас нь 7 ширхэг сум гарч билээ. Ч хаалга татахад сэрээд буугаа авч орон доор орж цэнэглэх гэж байсан боловч бид пүрштэй орон дээр нь дарж хөдөлгөөгүй тул сумлаж чадаагүй, бүр ханцуйдаа байсан хутгаа ч авч чадаагүй байв.

2010 оны зун Баян-Адарга сумаас Улаанбаатар хотын чиглэлд орос адуу ачсан том машин явна гэсэн мэдээллийн дагуу Хурхын сангийн аж ахуйн зүүн талд хөөж гүйцэхэд 25 тооны тоомсог адуу ачсан 5 залуу явж байсныг саатуулахад Биндэр сумын харъяат оргодол Г гэгч байсныг баривчилж байв.

Би ажиллаж байх хугацаандаа ОХУ-аас хил давуулан хулгайлсан 100 гаруй адуу, 60 гаруй үхрийн хэргийг илрүүлэн Хилийн цэргийн ангид хүлээлгэн өгч байсан юм.

 

Би хүнтэй эвсэг, зарчимч шударга, хэлсэн үгэндээ эзэн байж, худалч, хулгайч, гэмт хэрэгтэн байсан ч түүнтэй хүнлэг харьцахыг хичээж явлаа. Шударга хүнд хүн болгон дуртай байдаг. Хэсгийн төлөөлөгч гэдэг бол тухайн сумандаа хууль зүйн яам гэсэн үг. Хуулийн бүх зүйлийг иргэд таниас асууна. Энэ талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрын хооронд зүйлийг авч хэрэгсэхгүй байх хэрэгтэй. Хүнийг ялгаж харьцаж болохгүй, ялангуяа сумынхаа өндөр настнууд, ахмадуудтай уулзаж сайн ярилцаж, нөхөрлөж бай гэж захих байна. Тэд шударга байдаг, хүний мэддэгийг л мэддэг, тэдний мэдээллээр л олон хэргийг илрүүлж, хариуцлага хүлээлгэж байлаа.

Бас энэ олон оргодлыг барихад өөрсдийн судалгаа, түүнд үндэслэсэн төлөвлөгөө зураглал гаргах чухал байдаг юм. Оргодол хулгайч нарын явдаг зам, чиглэл, цаг хугацааг судалж давтамжийг тодорхойлж чадсанаар хаана байж болох, хаагуур явж болохыг зөв тодорхойлсноор барьж байсан юм.

 

Ингээд удахгүй болох цагдаагийн байгууллагын 95 жилийн ойгоо угтаж ажлын их амжилт гаргахыг хүсье.

 

 

Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Уртнасангийн Баянмөнх

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна