/ Цагдаа 100 / Алдрын булан / Дурсамж - цагдаагийн хурандаа Лэгдэнгийн Батбаяр

Дурсамж - цагдаагийн хурандаа Лэгдэнгийн Батбаяр

Цагдаагийн хурандаа Лэгдэнгийн Батбаяр

 Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид Галшар, Биндэр сумдад хэсгийн төлөөлөгч, Эрүүгийн албыг хариуцан ажиллаж байгаад, ОХУ-ын ДЯЯ-ны дээд сургуульд суралцан төгсч ирээд ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Гүйцэтгэх алба, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, ЦЕГ-ын ЭЦГ-ын дэд дарга, Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.

НАХЯ-ны ЦТДС-ийн анхны төгсөлтийн офицер залуусыг Хэнтий аймгийн бүх сумдад хэсгийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж, миний бие 1978 онд Галшар суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон, ажлаа цагдаагийн ахлах дэслэгч Ч.Амарболдоос (одоогийн генерал) хүлээн авч байсан тэртээх он жилүүдийн сайхан дурсгалт үе мөчүүд саяхан л юм шиг сэтгэлд тодхон үлдэж дээ...

Хотод өссөн хөдөөний амьдрал мэдэхгүй, хорьхон настай хүүд бүхэл бүтэн суманд хууль сахиулан гэмт хэрэгтэй тэмцэх том ажлыг хариуцан ажиллахад мэдэхгүй чадахгүй зүйл их гарч байсан ч тухайн үеийн тулхтай сайн удирдлагууд болох цагдаагийн хурандаа Ч.Мөнхдалай, Д.Баасанхүү, цагдаагийн хошууч Ц.Цэндсүрэн нарынхаа хүчээр богино хугацаанд ажилдаа гайгүй гаршиж билээ. Удалгүй 1979 онд Галшар, Буянт сумд нэгдэн, аймагтаа том суманд тооцогдох Биндэр сумын эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж үзэж намайг томилон ажиллуулах НАХЯ-ны сайдын тушаал гарч, тус суманд 2 жил ажиллах хугацаандаа буриад зон олны амьдрал ахуйтай танилцан, ажлын дадлага туршлагатай болж авсан гэж боддог бөгөөд хил залгаа Батширээт суманд ахмад Д.Дугарсэд, Баян-Адарга суманд ахмад С.Мишигдорж гэж хоёр нэр хүндтэй ахмад хэсгийн төлөөлөгч нар ажиллаж байсан нь тэднээс их зүйл сурч авах бололцоог надад олгосон юм. (Бид гурвын талаар олон ч онигоо гэх зүйлийг Хэнтийн цагдаагийн нөхөд маань одоо ч ярьж дурссаар явдаг гэж сонссон)

“Ахмадын сургаал алт” гэж үнэн шүү. Тухайн үед Хэнтий аймагт үйлдэгдсэн олон ноцтой хэргүүдийг шалгаж илрүүлэхэд дээрх ахмад ажилтнуудын үнэт зөвлөгөө, туслалцаа их байсанд одоо ч би тэднээрээ бахархаж явдаг юм даа.

Тухайлбал: 1982 онд би аймгийн Цагдан сэргийлэх ангийн Эрүүгийн албыг хариуцах болсон үеэс НАХЯ-ны удирдлагаас манай ажилд хангалтгүй үнэлгээ өгч байсан нэг гол асуудал болох, 1977 онд Зүүнхараа дахь чанга дэглэмтэй хорих ангиас оргоод Дорнод, Хэнтий, Дорноговь аймгуудын нутгаар орогнож, ихэвчлэн Хэнтийн хойт сумдын уулсаар сэлгүүцэн баригдахгүй олон жил явсан Дугарын Батчулуун буюу “Гайхал” гэгч улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж баривчлах ажиллагааг эрчимжүүлэн “Ажлын хэсэг” томилон, уг ажлын хэсэгт цагдаагийн ахмад С.Мишигдорж гуайг оруулан хамтран ажиллаж эхэлсэн. Шалгалтын явцад “Гайхал” гэгч бусдад алагдсан байж болзошгүй талаар ноцтой мэдээ гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, тэрээр 1982 оны 03 дугаар сарын 20-нд Баян-Адарга суманд мөрийтэй тоглож явснаас хойш ор сураггүй алга болсон нь тогтоогдсон тул хэргийн нэг гол сэжигтэн Ба-г Биндэр суманд урьд өмнө нь үйлдсэн танхайн хэрэг дээр нь эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж гүйцэтгэх ажлын идэвхитэй арга хэмжээнүүдийг мөрдөн байцаалтын ажиллагаатай хамтран авч хэрэгжүүлснээр 1982 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Гайхал” нь бусадтай мөрийтэй тоглож яваад Баян-Адарга сумын “Мэхээрчийн булан” гэдэг газар Б, Ба нартай маргалдаж улмаар Б нь винтов маркийн том буугаар Д.Батчулууныг (“Гайхал”-ыг) 2 удаа буудаж амь насыг нь хөнөөгөөд Онон голын шигүү бургасан дунд газарт булаад, модны мөчрөөр далдалж шороогоор булсан нь (араатан амьтад цогцсыг үнэрээр нь олж, ухаж ил гаргахаас сэргийлсэн башир арга байв) тогтоогдож сэжигтэн Ба-нь хэргээ хүлээсэн. Ажлын хэсгийнхэн Баян-Адарга суманд очиж хэргийн газрын үзлэг хийх явцад Ба нь цогцос байгаа газрыг тоймтой зааж өгөхгүй байсан тул бид тодорхой тойрог газарт самналт хийж эхэлсэн ба энэ үед ахмад С.Мишигдорж гуай намайг дуудаж хэсэг газар руу зааж “үүнийг хардаа...” гээд чимээгүй болохоор нь би тэр хэсэгт харахад надад тодорхой зүйл анзаарагдаагүй тул түүнээс тодруулж асуухад “энэ бол чоно, үнэгний мөр байна, олон сар болсон болохоор мөрүүд баларч, бараг анзаарагдахгүй болжээ! Энэ доор л “Гайхал”-ын шарил байгаа болов уу даа?! ...” гэсэн тул бид ч цуглан тэр хэсэг газрыг ухаж эхэлтэл тор шиг хэрсэн мөчрүүд таарч ухахад хүндрэлтэй болсон тул хэргийн газрын үзлэгийн цүнхнээсээ жижиг хөрөө гаргаж нилээн хэсэг хугацаа зарцуулснаар Д.Батчулууны шарилыг олж ухаж гаргасан юм. Тэр л үед миний бие ахмад С.Мишигдорж гуайн хөдөө орон нутагт олон жил ажиллаж, арвин их туршлага хуримтлуулсан ажигч гярхай, цагдаагийн байгууллагын лут хүн гэдгийг ойлгож, одоо хүртэл хүндэтгэн биширч явдаг юм. Учир нь ахмад С.Мишигдорж гуай л тэр амьтдын баларсан хуучин мөрийг олоогүй бол “Гайхал” гэгчийн шарил үүрд олдохгүй, хэрэг илрээгүй ч байх магадлалтай байв.

Дашрамд сонирхуулахад “Гайхал”-ын цогцсыг ухаж гаргаад тэр үеийн улаан дүнсэн тамхины панеран том хайрцагт хийж пургон (аавын цээж ч гэдэг) машинд ачиж сумын төвөөр дайрч явсан бөгөөд биднийг очиход л аймагт “Буриадууд нэгийгээ алаад хайрцагт мөчилж хийгээд булсан байсан нь илэрчээ...” гэсэн цуу яриа гарсан байж билээ.

Гэмт хэрэгтнүүд хэргийн ул мөрөө сайтар далдлан нуудаг бөгөөд цагдаагийн ажилтнууд хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдэж сэжиг авмагц шалгалтыг зогсоож, хэргийг будлиантуулах нарийн арга бодож олдог нь дээрх хүн амины хэргийг шалгах үед бас тохиолдсон юм.

Ажлын хэсгийнхэн аймгийн төвөөс Баянадрага сум руу шөнөлж гарахаар бэлтгэл ажлаа хийж байх тэр өдөр хошууч Ц.Цэндсүрэн дарга гэнэт намайг өрөөндөө дуудаж “Дорнод аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга ВЧ холбоогоор ... танай оргодол “Гайхал” чинь Матад суманд хөтөлгөө морьтой явж байна...” гэж мэдээ өглөө! Нөхөр ахлах дэслэгч чулуу хөөж байгаа юм биш биз?!” гэж зэмлэх, анхааруулах хоёрын дундуур сануулав. Бид “Гайхал”-ыг бусдад алуулсан гэж үзээд цогцсыг хайхаар явах гэж байдаг, гэтэл “Гайхал” Дорнод аймагт амьд сэрүүн давхиж явдаг... их сонин байдал үүсэв, би ч гайхаж нилээн бодсоны эцэст Баян-Адарга сум руу прокурор болон ажлын хэсгийнхнээ авч явахаар шийдсэн гэдгээ даргадаа илтгээд шөнө нь гарсан юм. Дээрх явдал нь хүн амины гол сэжигтэн Б нь баригдаагүй эрх чөлөөтэй явсан тул хань хамсаатнаараа дамжуулан Матад сумын хэсгийн төлөөлөгчид дээрх худал мэдээллийг хэлэхэд нь тэрээр нягталж үзэлгүй шууд даргадаа илтгэснээр худал мэдээ бидэнд ирсэн нь тэр байв. Манай ажлын хэсэг зөв шийдвэр гаргаагүй бол гэмт хэрэгтнүүдийн башир аргаар чулуу хөөж, хүн амины ноцтой хэргийг шалгах ажиллагаанд хугацаа алдах байж билээ.

Дээрх ноцтой хүн амины хэрэг улсын хэмжээнд яригдаж, ЦЕГ-ын дарга хошууч генерал Н.Думбурайн дуудсанаар “Гайхал”-ын хайрцагт хийсэн цогцсийг авч Хэнтийгээс онгоцоор ирж Шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулан “цогцос, араг яс, толгой нь Д.Батчулууных мөн” гэснээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн юм. (энэ нь өөр хүний цогцос ч олдсон байж болох магадлалтай байдаг учир дүгнэлтийг гаргуулсан болно)

Тухайн үед бидний шалган илрүүлж байсан эрүүгийн ноцтой хэргүүдээс ганцыг л дурьдахад ийм байх бөгөөд Хэнтийн Цагдаагийн газрын нөхөдтэйгээ илрүүлсэн хэргүүдээ бичих гэвэл хэвлэлийн цаас нилээн орох бизээ.

Миний өгүүлэх гэсэн гол санаа бол залуу ажилтнууд ахмад үеэсээ ихийг сурч мэдэхэд анхаарч, тэднийгээ байнга хүндэтгэж яваарай! л гэж захих гэсэн юм.

Миний бие гэхэд амьдралын ханьтайгаа Хэнтийдээ л учирч, хүү нар минь Хэрлэн голоосоо ундаалж тэнд л өсч өндийцгөөсөнд ихээр билэгшээж явдаг бөгөөд одоо ч төрсөн нутаг шигээ зав л гарвал Хэнтийн зүг хүлгийн жолоо залдаг болж дээ.

Амьдралын гараагаа би Хэнтийгээсээ эхэлж өдий зэрэгтэй яваа минь тэр үеийн Цагдаагийн удирдлагууд, ахмад туршлагатай ажилтнуудын маань ач буян билээ гэж үргэлж дурсан санаж явдаг бөгөөд одоогийн аймгийн удирдлагууд ч миний өчүүхэн амжилтыг үнэлэн “Цэргийн гавъяаны одон”-гоор тодорхойлон шагнуулсан явдал ч цаанаасаа учир ерөөлтэй байж дээ гэж Өндөрхаан хайрхандаа залбирч явдаг билээ.

Монголын Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Хан Хэнтий аймгийнхаа зон олонд болон Цагдаагийн газрынхаа үе үеийн ахмад ажилтнууд болох генерал, офицер, ахлагч, нийт алба хаагч нартаа баярын мэнд дэвшүүлж Та бүхэндээ эрүүл энх байж, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсье!

 

Монгол төрийн Цагдаагийн сүлд хийморь мөнхөд ивээх болтугай

 

Цагдаагийн хурандаа Лэгдэнгийн Батбаяр 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна