/ Хууль эрх зүй / Нийтлэг журам / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

110.1.ЗОРИЛГО

Цагдаагийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

110.2.ХАМРАХ ХҮРЭЭ, БОДЛОГО

110.2.1.Цагдаагийн байгууллага нь байгууллагын зорилго, зорилт, бодлогын баримт бичиг, эрх зүйн акт, удирдлагын шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилт, үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

110.2.2.Тухайн жилд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг эрсдлийн үнэлгээнд суурилан урьдчилан төлөвлөнө.  

110.2.3.Удирдлагын шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилт, тодорхой үйл ажиллагаанд тухайн ажлын зайлшгүй хэрэгцээ, шаардлага, хариуцах алба хаагчийн ажлын ачааллыг харгалзан төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж болно. 

110.2.4.Төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээг дараах албан тушаалтны шийдвэрээр дор дурдсан нэгж харьяалан  гүйцэтгэнэ:

а/Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь Цагдаагийн төв байгууллагын дарга болон дотоод хяналт-аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд даргын шийдвэрээр;

б/Цагдаагийн төв байгууллагын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас бусад зохион байгуулалтын бүтцийн нэгж, нутаг дэвсгэр болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгж нь харьяалах дээд болон шууд харьяалан удирдах даргын шийдвэрээр.

110.2.5.Байгууллагын жилийн үйл ажиллагаанд заавал хяналт-шинжилгээ хийж, үр дүнг тооцож үнэлнэ.  

110.2.6.Байгууллагын жилийн үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээнд цагдаагийн нийт байгууллага дараах байдлаар хамрагдана:

а/тодорхой нутаг дэвсгэр хариуцсан хэлтэс нь өөрийн болон харьяа хэсэг, дэд хэсгийн үйл ажиллагааг нэгтгэн;

б/нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь өөрийн болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан хэлтсийн үйл ажиллагааг нэгтгэн;

в/цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын  бүтцийн нэгж нь өөрийн болон харьяа байгууллага, нэгжийн үйл ажиллагааг нэгтгэн;

г/Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар нь өөрийн болон цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бусад бүтцийн нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.  

110.2.7.Цагдаагийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг Цагдаагийн төв байгууллагын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

110.2.8.Хяналт-шинжилгээ, үнэлгээг Цагдаагийн төв байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон зохион байгуулалтын бүтцийн нэгж, нутаг дэвсгэр болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын  холбогдох нэгж, алба хаагч гүйцэтгэнэ.

110.2.9.Шаардлагатай тохиолдолд иргэний зөвлөл, мэргэжлийн судлаачдаас бүрдсэн хөндлөнгийн багтай хамтран эсхүл тус багаар дагнан гүйцэтгүүлж болно.

110.2.10.Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах зорилготой байна.

110.2.11.Хяналт-шинжилгээ үнэлгээнд дараах зарчмыг баримтална:

а/шударга, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байх;

б/хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа, тайлан, дүгнэлт ил тод байх;

в/тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэсэн, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлсон, хэмжигдэхүйц, нотлогдохуйц байх;

г/хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай, төлөвлөж хийдэг байх;

д/хяналт-шинжилгээ, үнэлгээнд хэрэглэгч, сонирхогч талуудын оролцоог хангасан байх.

110.3.ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭГ ТӨЛӨВЛӨХ

110.3.1.Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж,  нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь байгууллагын тухайн жилийн  хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах саналыг холбогдох танилцуулгын хамт 12 дугаар сарын 15-ны дотор Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт ирүүлнэ.

110.3.2.Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь цагдаагийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулж, 01 дүгээр сарын 15-ны дотор Хууль зүйн яаманд хүргүүлнэ.

110.3.3.Төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ тухай бүр ажлын удирдамж, төлөвлөгөө боловсруулж, батлуулна.

110.4.ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

110.4.1.Хяналт-шинжилгээ хийхдээ Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны а/81 тоот тушаалын хавсралт “Хяналт-шинжилгээ хийх аргачлал”-ыг удирдлага болгоно.

110.4.2.Бодлогын зорилтын хэрэгжилтийн түвшинг тодорхойлж үнэлэхдээ тавьсан зорилтын гүйцэтгэл тогтоох шалгуур үзүүлэлтийн үр дүнг (Г) хүрэх түвшин буюу тавьсан зорилтод (З) харьцуулж хувиар илэрхийлнэ. (Г/3х100)

110.4.3.Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй зорилтын шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хувийг дараах байдлаар тодорхойлж үнэлнэ:

а/тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр гарч, үр дүн гарсан бол 100 хувь;

б/тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч санхүү, зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь (80.0-100.0 хүртэл хувь);

в/тавьсан зорилтод хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хувь  (60.0-80.0 хүртэл хувь);

г/тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 50.0 хувь (40.0-60.0 хүртэл хувь);

д/тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 30.0 хувь (20.0-40.0 хүртэл хувь);

е/тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 хувь (0-20.0 хүртэл хувь);

ж/тухайн зорилтыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол биелэлтийн хувийг “0” гэж үзэх.

110.4.4.Үнэлгээний оноог тухайн үнэлгээний хувийг 0.05-аар үржүүлж, ерөнхий үнэлгээг нийт онооны нийлбэрийг үнэлгээний тоогоор хувааж тус тус гаргана.

110.4.5.Бодлогын баримт бичиг, эрх зүйн актын хэрэгжилтэд үнэлгээ хийхэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 54 тоот тушаалаар баталсан “Хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх аргачлал”-ыг удирдлага болгоно.

110.5.ТАЙЛАГНАХ

110.5.1.Төлөвлөгөөт хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөсөн хугацаанд, төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээг ажлын удирдамж, төлөвлөгөөнд заасан хугацаанд тус тус хийж тайлагнана.

110.5.2.Байгууллагын жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дараах бүтэцтэй байна:

а/Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн;

б/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн үр дүн;

в/Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн;

г/Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үр дүн;

д/Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн;

е/Улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийн үр дүн;

ж/Хууль зүйн сайд, цагдаагийн төв байгууллагын даргын өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн биелэлтийн үр дүн;

з/аймаг, нийслэл, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын  шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн;

и/байгууллагын санхүү, алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүн;

к/дотоод хяналт, аудитын чиглэлээр хийсэн ажлын үр дүн;

л/хүний нөөц, сургалтын чиглэлээр авсан арга хэмжээний үр дүн;

м/дүгнэлт, санал, зөвлөмж.

110.5.3.Байгууллагын жилийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дараах баримтыг хавсаргана:

а/Хавсралт 1: Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээ; /маягт ЦБҮАЖ №110.53а/

б/Хавсралт 2: Байгууллагын үндсэн чиг үүргийн үр дүнгийн үнэлгээ; /маягт ЦБҮАЖ №110.53б/

в/Хавсралт 3: Байгууллагын үйл ажиллагааны чанарын үнэлгээ;/1,2 дугаар хавсралтаар заасан үнэлгээний дунджаар үнэлнэ./

д/Хавсралт 4: Тухайн жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээний дэлгэрэнгүй тайлан;

е/Хавсралт 5: Хэрэглэгчийн үнэлгээ;

ж/Хавсралт 6: Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт.

110.5.4.Байгууллагын жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тогтоогдсон нөхцөл байдал, холбогдох тоо баримт, хүснэгт, график, санал, дүгнэлтийг тусгасан байхаас гадна шаардлагатай бол зураг, дүрс бичлэг зэргийг хавсаргаж болно.

110.5.5.Байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь дараах шаардлагыг хангасан байна:

а/хяналт-шинжилгээ, үнэлгээг энэ журмаар зохион байгуулж, батлагдсан аргачлалын дагуу хийсэн байх;

б/үнэн зөв, цэгцтэй, товч, хүрсэн түвшин нь тодорхой тоо, хувиар илэрхийлэгдсэн байх;  

в/байгууллагын дарга хариуцан төлөвлөсөн хугацаанд ирүүлсэн байх;

г/байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн бодит үр дүнг төлөвлөсөн зорилттой харьцуулах, өсөлт бууралт, зорилт буюу төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүүг тооцоолох, шалтгааныг илрүүлэх, тасалдлыг нөхөх, үйл ажиллагааны чанарын түвшинг нэмэгдүүлэн дараагийн шатны зорилго, зорилт болгон дэвшүүлэх боломж, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн байх.

110.6.ГҮЙЦЭТГЭЛ САЙЖРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

110.6.1.Байгууллагын жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг хэрэгжүүлэх зорилгоор “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө”-г дараах нэгж боловсруулан батлаж, биелэлт, үр дүнг тооцон Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлнэ:

а/хууль зүйн яамнаас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн дагуу цагдаагийн төв байгууллагын дотоод ажил хариуцсан нэгж;

б/дээд шатны  байгууллагаас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн дагуу зөвлөмж хүлээн авсан байгууллага, нэгж.

110.6.2.Гүйцэтгэл сайжруулах чиглэлээр төлөвлөх арга хэмжээ нь дараах чиглэлтэй байна:

а/бусад агентлаг, байгууллагын тэргүүний арга, туршлагаас суралцах, цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, гажуудлыг засах;

б/үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

в/харьяа салбар, нэгжид үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

г/шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулах.

110.7.ҮР ДҮНГ МЭДЭЭЛЭХ, УРАМШУУЛАХ

110.7.1.Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг байгууллага өөрийн вэб сайтад байршуулж, Хууль зүйн яаманд хүргүүлнэ.

110.7.2.Ерөнхий үнэлгээгээр 90 хувиас дээш үнэлэгдсэн байгууллага, удирдах албан тушаалтныг мөнгөн шагналаар урамшуулна.

110.7.3.Урамшуулалд зарцуулах хөрөнгийг цагдаагийн байгууллагын төсөвт жил бүр тусгана.

110.7.4.Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан ирүүлээгүй, энэ журмаар тогтоосон шаардлага хангаагүй тайлагнасан, хүндэтгэх шалтгаангүйгээр үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг өмнөх оны түвшнээс бууруулсан нь байгууллагын даргад хариуцлага тооцох үндэслэл болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна