/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ

 
 
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ

 /Шинэчилсэн найруулга/

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хууль сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж

2.1.Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Цагдаагийн алба

3.1.Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага мөн.

4 дүгээр зүйл.Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын үндсэн зарчим

4.1.Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж иргэний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх үндсэн зарчмыг баримтална.

 4.2.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ:

  4.2.1.дээд шатны цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэрийг доод шатны байгууллага, алба хаагч биелүүлэх, дээд шатны байгууллага, алба хаагчийн үүрэг, даалгавар, шийдвэр нь хуульд нийцсэн байх;

 4.2.2.доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч нь дээд шатны байгууллага, алба хаагчийн өмнө ажлаа хариуцан тайлагнах;

 4.2.3.дээд шатны цагдаагийн байгууллага нь доод шатны байгууллага, алба хаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

 4.2.4.дээд шатны цагдаагийн байгууллага нь доод шатны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх;

 4.2.5.алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг хуульд заасны дагуу биелүүлэх, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах.

 4.3.Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

 5 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын тогтолцоо

5.1.Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжээс бүрдэнэ.

 5.2.Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтооно.

 5.3.Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бүрдэнэ.

 5.4.Цагдаагийн төв байгууллагад энэ хуулийн 5.3-т заасан нэгжээс гадна дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж байгуулна.

 5.5.Цагдаагийн төв байгууллагын дэмжлэг үзүүлэх нэгжийн харьяанд судалгаа, сургалт дадлагын болон албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоох лаборатори, энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах инженер техник, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, хангалт хариуцсан нэгж байж болно.

 /Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 5.6.Цагдаагийн төв байгууллага нь гэмт үйлдлийг таслан зогсоох, гэмт этгээдийг аюулгүй болгох, баривчлах үүрэг бүхий тусгай бэлтгэл тактикийн бүлэг, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнасан шүүхийн шинжилгээний нэгжийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад байгуулан ажиллуулж болно.

 5.7.Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл, гарсан хэрэг, зөрчлийн тоог харгалзан эдийн засгийн зохистой зардлыг тооцсон бүтэц, орон тоо, автомашин, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээ, гүйлтийн жишиг нормативыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

 6 дугаар зүйл.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага

6.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тодорхой нутаг дэвсгэр хариуцсан хэлтсээс, хэлтэс нь хэсэг, дэд хэсгээс бүрдэнэ.

 6.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс нь гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан тасаг, эсхүл алба хаагч, ажилтантай байна.

 6.3.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

 6.4.Монгол Улсын Засгийн газар оршин суугаа хүн амын тоог харгалзан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг хотын цагдаагийн байгууллагын хэлбэрээр байгуулж болно.

 6.5.Энэ хуулийн 6.4-т заасан хотын цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын захирагч томилно.

 

7 дугаар зүйл.Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэг

7.1.Цагдаагийн алба нь туг, бэлгэ тэмдэгтэй байна. Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 7.2.Цагдаагийн албаны туг, бэлгэ тэмдэгтэй ижил загварын туг, бэлгэ тэмдэг хэрэглэхийг бусад байгууллагад хориглоно.

 7.3.Цагдаагийн байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

8 дугаар зүйл.Цагдаагийн тангараг

8.1.Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо

“Монгол Улсын иргэн ... би цагдаагийн албанд орж ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чин шударгаар зүтгэхээ иргэдийнхээ өмнө батлан тангараглая.

Би хууль сахиулах ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж, цагдаагийн байгууллагад ажиллах явцдаа олж мэдсэн мэдээлэл, тусгай мэдлэгийг бусдад задруулахгүй байхаа тангараглая.

Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөнө.

 8.2.Цагдаагийн алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ

9 дүгээр зүйл.Гэмт хэрэгтэй тэмцэх

9.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах зорилгоор хууль сахиулах ажиллагаа явуулахыг гэмт хэрэгтэй тэмцэх гэнэ.

 9.2.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд доор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ:

 9.2.1.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх;

 9.2.2.гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах;

 9.2.3.цагдаагийн алба хаагч биечлэн, эсхүл техник хэрэгсэл ашиглан нийтийн эзэмшлийн газарт хяналт тавих, эргүүл ажиллуулах;

 9.2.4.мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах;

 9.2.5.гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах.

 9.3.Энэ хуулийн 9.2.4-т заасан ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай техник хэрэгсэл ашиглаж халхавчийн байгууллага, нууц гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтныг ажиллуулна.

 

10 дугаар зүйл.Нийтийн хэв журам хамгаалах

10.1.Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулж нийтийн хэв журмыг хамгаална.

 10.2.Цагдаагийн байгууллага хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ.

 11 дүгээр зүйл. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах

11.1.Цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд доор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ:

 11.1.1.дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх;

 11.1.2.байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэмийг сахиулах;

 11.1.3.нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах;

 11.1.4.төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх;

 11.1.5.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах;

 11.1.6.нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалт хийх;

 11.1.7.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх.

 

12 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтын үүрэг

12.1.Цагдаагийн байгууллага доор дурдсан захиргааны хяналтын үүргийг гүйцэтгэнэ:

 12.1.1.иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглах, галт зэвсэг, сум үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх, эзэмших журмын биелэлтэд хяналт тавих;

 12.1.2.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;

 12.1.3.гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах журмын биелэлтэд хяналт тавих;

 12.1.4.гээгдэл эд хөрөнгө, мөнгө болон алдуул малыг бүртгэх, шаардлагатай бол хадгалах, хууль ёсны эзэмшигчид нь олгох, хэрэв хууль ёсны эзэмшигч олдохгүй бол төрийн, эсхүл орон нутгийн холбогдох байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

 12.1.5.зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх;

 12.1.6.эрх бүхий байгууллага, албан тушаалтны даалгаснаар сураггүй алга болсон хүн, гээгдэл эд хөрөнгийг эрэн сурвалжлах;

 12.1.7.хуульд заасан захиргааны бусад хяналтыг хэрэгжүүлэх.

 12.2.Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан захиргааны хяналтын үүрэг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

  

13 дугаар зүйл.Цагдаагийн төв байгууллагын үүрэг

13.1.Цагдаагийн төв байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг асуудал эрхэлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээгээр нэгтгэн зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 13.2.Цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангана.

 13.3.Цагдаагийн албаны үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах, нийтийн эзэмшлийн газарт дүрс, дуу бичлэгийн болон бусад хяналтын систем нэвтрүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

 13.4.Гэмт хэрэгтэй тэмцэх нэгж энэ хуулийн 13.1-д зааснаас гадна доор дурдсан чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 13.4.1.гэмт хэргийн газраас ул мөр, баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх, адилтгал хийх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

 13.4.2.мөрдөн шалгах ажиллагааны стратеги, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх;

 13.4.3.энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

 13.4.4.гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, мэдээлэл боловсруулах, цагдаагийн нийт байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;

 13.4.5.олон улсын цагдаагийн байгууллага (интерпол)-ын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гадаад орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн нийт байгууллагыг хангах;

 13.4.6.энэ хуулийн 12.1.1, 12.1.7-д заасан үүргийн биелэлтийг хангах.

  13.5.Нийтийн хэв журам хамгаалах нэгж энэ хуулийн 13.1-д зааснаас гадна доор дурдсан чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 13.5.1.олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах;

 13.5.2.хууль тогтоомжоор болон эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулах, энэ зорилгоор эргүүл хийх, дүрс, дууны бичлэг болон бусад техник хэрэгсэл ашиглан хяналт тавих;

 13.5.3.гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааны стратеги, стандарт болон дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

 13.5.4.зөрчлийг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

  13.5.5.нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;

 13.5.6.энэ хуулийн 12.1.2, 12.1.4-12.1.6-д заасан үүргийн биелэлтийг хангах.

 13.6.Нийтийн хэв журам хамгаалах нэгжийн бүтцэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах зорилгоор аливаа эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, хуваарилах чиг үүрэг бүхий мэдээлэл нэгтгэн боловсруулах төв байна.

 13.7.Олон нийтийн аюулгүй байдлыг хангах нэгж энэ хуулийн 13.1-д зааснаас гадна доор дурдсан чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 13.7.1.энэ хуулийн 11.1-д заасан болон саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стратеги, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;

 13.7.2.алба хаагчдыг олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;

 13.7.3.энэ хуулийн 12.1.3-т заасан үүргийн биелэлтэд хяналт тавих.

 13.8.Дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийн хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана.

 13.9.Дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.8-д заасан үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

 13.10.Дотоод хяналт-аюулгүй байдлын алба хаагчийг тус нэгжийн даргад мэдэгдэхгүйгээр томилох, өөрчлөх, чөлөөлөхийг хориглоно.

13.11.Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүй, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна.

 

14 дүгээр зүйл.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг

14.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага доор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:

 14.1.1.цагдаагийн байгууллагын үүргээ хариуцсан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;

 14.1.2.цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчид ажлаа тайлагнах;

 14.1.3.цагдаагийн байгууллагын ажлын уялдааг хангах, зохицуулах;

 14.1.4.цагдаагийн бусад байгууллага болон мөрдөх албанаас үүргээ гүйцэтгэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллах;

 14.1.5.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 14.1.6.байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

 14.1.7.хууль сахиулах бусад байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

 14.2.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагааныхаа тайланг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, оршин суугчдад, түүнчлэн тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь үйл ажиллагааныхаа тайланг тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд тавина.

  

15 дугаар зүйл.Цагдаагийн албаны сургалтын байгууллага

15.1.Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хууль сахиулагчийг бэлтгэх сургуулийн бүрэлдэхүүнд цагдаагийн алба хаагч, ажилтныг бэлтгэх үүрэг бүхий сургалтын байгууллага байна.

 15.2.Цагдаагийн алба хаагч, ажилтны мэргэжлийн бэлтгэл, давтан сургах, албаны сургалт явуулах сургалтын төвийг хот, орон нутагт бүсчлэн байгуулж болно.

 15.3.Энэ хуулийн 15.2-т заасан төв нь иргэдэд зориулан галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтыг төлбөртэй зохион байгуулж болно.

 15.4.Энэ хуулийн 15.3-т заасан сургалтын төлбөрийн хэмжээг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

  

16 дугаар зүйл.Судалгааны төв

16.1.Цагдаагийн байгууллагын судалгааны төв доор дурдсан чиглэлээр сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, санал боловсруулах үүргийг хэрэгжүүлнэ:

 16.1.1.цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх стандарт, дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох, энэ зорилгоор хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх;

 16.1.2.гэмт хэргийн ул мөр илрүүлэх, буулган авах, бэхжүүлэх, нотлох, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийг боловсронгуй болгох талаар;

 16.1.3.зам тээврийн осол, хэрэг болон насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар;

 16.1.4.цагдаагийн төв байгууллагын даргын даалгасан бусад чиглэл.

 16.2.Цагдаагийн байгууллагын судалгааны төвийн дүрэм, бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 

17 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын байршил

17.1.Энэ хуулийн 6.2-т заасан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, хэсэг, дэд хэсэг болон сургалтын төв, лабораторийн байршлыг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 17.2.Цагдаагийн төв байгууллага тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, хэсэг, дэд хэсгийн байрны стандартыг тогтооно.

 

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА,

ТҮҮНИЙ ЭРХ ХЭМЖЭЭ

18 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын удирдлага

18.1.Цагдаагийн төв байгууллагын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.

 18.2.Цагдаагийн төв байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн тэргүүн дэд дарга, дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргатай байна.

 18.3.Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан нэгжийн дарга нь цагдаагийн төв байгууллагын дэд дарга байна.

 18.4.Энэ хуулийн 18.2, 18.3-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

 18.5.Цагдаагийн төв байгууллагын даргын дэргэд түүний эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөх эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


19 дүгээр зүйл.Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагыг удирдах

19.1.Засгийн газар санхүү, материал, техникийн хангамжийн хувьд цагдаагийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

 19.2.Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтыг Засгийн газар батална.

 19.3.Цагдаагийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрхэлнэ.

 19.4.Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга үйл ажиллагаагаа цагдаагийн төв байгууллагын даргын өмнө тус тус хариуцна.

 19.5.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомж болон хууль сахиулах бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан цагдаагийн байгууллагын хууль сахиулах үйл ажиллагааны жишиг стандартыг тогтооно.

 19.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх журам тогтоож, түүний хэрэгжилтийг хангуулахыг тухайн нутаг дэвсгэр харьяалах цагдаагийн байгууллагад хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд даалгаж болно.

 19.7.Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас цагдаагийн байгууллагыг удирдах талаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 19.8.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

20 дугаар зүйл.Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх

20.1.Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 20.1.1.цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;

 20.1.2.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

 20.1.3.цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний ба эргүүл, харуулын дүрэм, албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх;

 20.1.4.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 20.1.5.гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох;

 20.1.6.өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах;

 20.1.7.цагдаагийн байгууллагыг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай харилцах;

 20.1.8.цагдаагийн байгууллагын зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

 20.1.9.цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

 20.1.10.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх;

 20.1.11.хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

 20.1.12.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах асуудлыг шийдвэрлэх;

 20.1.13.шаардлагатай тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах, санал тавих;

 20.1.14.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

 20.1.15.цагдаагийн алба хаагчид мөрдөгчийн зэрэг олгох;

 20.1.16.хуульд заасан бусад бүрэн эрх.

 20.2.Энэ хуулийн 5.3, 5.4-т заасан зохион байгуулалтын бүтцийн нэгж, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан байгууллага, албаны чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

 20.3.Цагдаагийн төв байгууллагын дарга хууль тогтоомжид заасны дагуу алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах зэрэг тодорхой бүрэн эрхээ энэ хуулийн 18.2-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ

ҮЗҮҮЛЭХ БОЛОН ИРГЭНИЙ БУСАД ХЯНАЛТ ТАВИХ

21 дүгээр зүйл.Иргэний зөвлөл

21.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.

 21.2.Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

  21.3.Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 21.4-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн таван жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно.

 21.4.Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

 21.5.Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.

 21.6.Иргэний зөвлөл доор дурдсан бүрэн эрхтэй байна:

 21.6.1.цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох;

 21.6.2.цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

 21.6.3.цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

 21.6.4.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

 21.6.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах.

 21.7.Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмжөө хүргүүлнэ.

 21.8.Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар гишүүдийн олонхын саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.

 21.9.Иргэний зөвлөлийн төсөв, гишүүдийн урамшлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

 21.10.Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

 

22 дугаар зүйл.Иргэний зөвлөлд хориглох зүйл

22.1.Иргэний зөвлөлд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 22.1.1.цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;

 22.1.2.улс төрийн үйл ажиллагаа явуулах.

 

 

23 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих бусад хяналт

23.1.Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын алба зөвхөн хуульд тусгайлан эрх олгосон асуудлаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

 23.2.Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.

 23.3.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 23.4.Цагдаагийн үйл ажиллагааны явцад иргэн, төрийн болон төрийн бус байгууллага эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хүсэлтээ гаргасан бол цагдаагийн байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар тогтоосон журмын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй.

 23.5.Иргэнийг баривчилсан, албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдвол цагдаагийн байгууллага 10 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулах үүрэгтэй.

 23.6.Хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг Засгийн газар хариуцан арилгана. Хохирол барагдуулахад гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 

 

ТАВДУГААР БҮЛЭГ
ОЛОН НИЙТЭД ТҮШИГЛЭСЭН ЦАГДААГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГАА

24 дүгээр зүйл.Олон нийтийн цагдаагийн ажилтан

24.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулна.

 24.2.Аймаг, нийслэлийн Засаг даргаас Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтооно.

 24.3.Цагдаагийн байгууллага 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах ба уг гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана.

 24.4.Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 24.5.Олон нийтийн цагдаагийн ажилтан хууль сахиулах үүрэг гүйцэтгэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахиж, зөвхөн гэрээнд заасан үүргийг биелүүлнэ.

 24.6.Олон нийтийн цагдаагийн ажилтан гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй.

 24.7.Олон нийтийн цагдаагийн ажилтан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад, зөрчил гарсан тухай төрийн холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүрэг хүлээнэ. Үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтанд шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгоно.

 24.8.Энэ хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд олон нийтийн цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

 24.9.Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлыг тухайн шатны Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлнэ.

 24.10.Олон нийтийн цагдаагийн ажилтныг үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, бусад хохирол учруулсан, түүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 24.11.Олон нийтийн цагдаагийн ажилтан дараах үүрэг хүлээнэ:

 24.11.1.хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах;

 24.11.2.хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах;

 24.11.3.нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох.

 24.12.Олон нийтийн цагдаагийн ажилтныг сургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

 24.13.Энэ хуулийн 24.9-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 

 

25 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах

25.1.Нутгийн захиргааны байгууллагаас харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад нь цагдаагийн байгууллага мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллана.

 25.2.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэний туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна.

 25.3.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд иргэн, хуулийн этгээд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.

 25.4.Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоох, тэдгээрийг арилгуулах талаар иргэн, хуулийн этгээдэд хүлээсэн үүргийнх нь хүрээнд шаардлага тавьж биелэлтийг шалгах, шаардах, шаардлагатай танилцуулга, материалыг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнээс үнэ төлбөргүй гаргуулан авна.

 25.5.Иргэн, хуулийн этгээд цагдаагийн байгууллага, алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.

 25.6.Цагдаагийн байгууллага үйл ажиллагааныхаа талаар иргэдийн саналыг судалж, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч жил тутам дүн шинжилгээ хийнэ.

 25.7.Цагдаагийн байгууллага зохих сургалтад хамрагдаж тэнцсэн, хэвлэл, мэдээллийн байгууллагаас цагдаагийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэхээр тусгайлан томилогдсон ажилтантай хамтран ажиллана.

 25.8.Энэ хуулийн 25.7-д заасан заалт иргэн, хуулийн этгээдээс хүний эрх, эрх чөлөө, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилг<

СЭТГЭГДЭЛҮҮД :

Etty:
188.143.232.27
My prelobm was a wall until I read this, then I smashed it.
2016-10-27 11:26:14
Jaylin:
188.143.232.32
Thank you so much for this arelcit, it saved me time!
2016-10-27 11:47:24
Sharky:
188.143.234.155
The <a href="http://wpywwnk.com">puersahcs</a> I make are entirely based on these articles.
2016-10-28 22:44:16
Johnetta:
188.143.232.32
That's a genuinely <a href="http://ozggjj.com">imesvrsipe</a> answer.
2016-10-28 22:44:34
Kayleigh:
188.143.232.32
Thanks for sharing. Your post is a useful couioibnttrn. http://wsinitv.com [url=http://pcaaqnigeuk.com]pcaaqnigeuk[/url] [link=http://lndmrxwbuc.com]lndmrxwbuc[/link]
2016-10-29 05:31:00
Chelsi:
188.143.232.27
Thanks for the great info dog I owe you bigygti. http://tllemxewx.com [url=http://eccdtol.com]eccdtol[/url] [link=http://psagtehpm.com]psagtehpm[/link]
2016-10-29 05:31:16
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна