/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ АЖИЛД ХЯНАЛТЫН КАМЕР АШИГЛАЖ БАЙНА ...

ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ АЖИЛД ХЯНАЛТЫН КАМЕР АШИГЛАЖ БАЙНА ...

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Чингис хотын гудамж талбай, олон нийтийн газар, автозамын уулзваруудад суурилуулсан 43 ширхэг хяналтын камерын серверийн өрөөг Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны дэргэд байгуулж томилогдсон алба хаагчид өдөр бүр байнгын хяналт тавин ажиллаж байгаа нь гудамж талбайд архидан согтуурах, танхайрах, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил, хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд үр дүнгээ өгч эхэллээ.

Он гарсаар Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн В нь хашаанаасаа 100 кг хонь, адууны мах хулгайд алдсаныг Хэрлэн сумын 3 дугаар багийн харъяат Т гэгч хулгайлсан, Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн С нь гудамжинд 500.000 төгрөг гээгдүүлснийг Хэрлэн сумын 2 дугаар багийн харъяат Г гэгч олж завшсан, Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Б нь хүнсний дэлгүүрийн гадаа унаж явсан морио уяж орхиод алдсаныг Хэрлэн сумын 1 дүгээр багийн харъяат Б гэгч хулгайлсан зэрэг гэмт хэргийг гэр хорооллын гудамж, хяналтын цэгүүдэд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөн автозамын уулзваруудад байрлуулсан камераар хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 233 зөрчлийг тээврийн хэрэгслийн дугаар, маркаар илрүүлж зөрчил гаргагчид захиргааны арга хэмжээ авсан.

Үүний зэрэгцээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний төвүүдийг телекамерын хяналтанд авах” тухай 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлснээр Чингис хотын нутаг дэвсгэрийн 278 аж ахуйн нэгж, байгууллага дотор, гадна орчноо камержуулсан бөгөөд үүний тусламжтайгаар Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн Б нь хийдийн хашаанд байх гэрээсээ гар утас хулгайд алдсаныг Улаанбаатар хотын харъяат У гэгч хулгайлсан, Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн О нь “Гэрэл экспресс” ХХК-ий үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаад гар утсаа алдсаныг Хэрлэн сумын 5 дугаар багийн харъяат Б гэгч хулгайлсан, Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн Г нь “Цэцэн хан” худалдааны төвийн лангуун дээр хэтэвчтэй мөнгөө мартаж явсныг Хэрлэн сумын 5 дугаар багийн харъяат Д гэгч хулгайлсан хэргийг илрүүлжээ.

Мөн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн Б нь “СэБоЦэ” авто сэлбэгийн дэлгүүрийн лангууны араас орлогын 2.400.000 төгрөгөө хулгайд алдсаныг Дорнод аймгийн харъяат Н, А, Ц нар Улаанбаатар хотоос Дорнод аймаг явах замдаа бүлэглэн хулгайлсан, Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрт 2015 оны 03 дугаар сарын 13-ны шөнө хулгай орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг Хэнтий аймгийн үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн сурагчид бүлэглэн үйлдсэнийг тухайн аж ахуйн нэгжийн гадна, дотор камер болон гэр хороололд байрлуулсан цэгийн камерыг ашиглан шалгаж 24 цагийн дотор илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн өөрсдийн өмч хөрөнгөө гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж өөрсдийн эзэмшлийн байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний цэгийнхээ орчинд чанарын шаардлага хангасан хяналтын камер суурилуулж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана уу.

Мөн иргэд та бүхэн худалдаа, үйлчилгээ, олон нийтийн газарт явахдаа эд зүйлдээ эзэн байж сонор сэрэмжээ дээшлүүлэх, бусдын хаяж гээгдүүлсэн эд зүйлийг олж мэдсэн тохиолдолд эзэнд нь буцаан өгөх эсхүл цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх зэргээр иргэнийхээ үүргийг ухамсарлан биелүүлэхийг зөвлөж байна.

 

 ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна