/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЗАГАСЫГ ҮРЖЛИЙН ҮЕД НЬ БАРИВАЛ БҮР МӨСӨН УСТАХ АЮУЛТАЙГААС ГАДНА ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ

ЗАГАСЫГ ҮРЖЛИЙН ҮЕД НЬ БАРИВАЛ БҮР МӨСӨН УСТАХ АЮУЛТАЙГААС ГАДНА ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ

Манай улсад хэчнээн төрлийн загас байдаг вэ? Тэдний хэд нь агнуурын загас вэ? Мөн загасыг “Үржлийн үед барихгүй” аяны талаар та танилцуулаач? 

Манай орны усны 3 ай савд 79 зүйл загас тэмдэглэгдсэнээс 30 гаруй зүйл нь агнуурын ач холбогдолтой. Өнөөгийн байдлаар нийт загасны 4/1 нь бүс нутгийн хэмжээнд ховордсон ангилалд хамаардаг.

Монгол Улсын Амьтны аймгийн тухай хуулиар шивэр хилэм, хар мөрний хилэм, тул, шаргал үхэрдэй, омоль, зантаахай зэрэг 6 зүйл загас нэн ховордсон амьтны жагсаалтад орсон. Мөн Засгийн газрын 2001 оны 264, 2005 оны 248 дугаар тогтоолоор цагаан амар, дух давх, тул зэрэг 3 зүйл загас ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг.

Экологийн цагдаагийн албанаас ШУ-ны академийн Гео-Экологийн хүрээлэн, үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК-тай хамтран Загасыг үржлийн үед нь хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах зорилгоор энэхүү аяныг сарын хугацаатай зохион байгуулж байна.

Загасны тоо толгой хомстож буйн шалтгаан юу вэ? Яагаад үржлийн үед агнаж болохгүй вэ?

Загас ховордох хэд хэдэн томоохон шалтгаан нь хууль бус агнуур (ичээ болон үржлийн нүүдэл хийх үед олноор агнах), уул уурхай ашиглалт, олборлолттой холбоотой амьдрах орчны доройтол, иргэдийн загас хамгаалах мэдлэг мэдээлэл хомс байгаатай холбоотой.

Иймд агнуурын загасыг бүс нутгийн хэмжээнд судлах, үржлийн болон ичээ газруудыг тогтоох, хамгаалах, үржүүлэх замаар тогтвортой популяцийн бүтэц бий болгох, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, гол мөрөн, нуурын ай савыг хамгаалах оновчтой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч байна.Загасыг үржлийн үед нь баривал бүр мөсөн устах аюултайгаас гадна хууль зөрчсөн үйлдэл юм.

Загас барих, агнах хоёр нь ямар ялгаатай вэ? Зөв загасчлахын тухайд? 

Загас барих нь судалгаа шинжилгээ, нөхөн сэргээх, нутагшуулах, хобби сонирхол, танин мэдэхүй гэх мэт шалтгаанаар бариад, гэмтээхгүйгээр усанд буцаан тавихыг хэлдэг. Харин агнах гэдэг нь үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар загасыг олноор болон цөөн тоогоор барьж, ашиглах, хэрэглэхийг хэлнэ.

Бид байгалийн нөөц баялагийг шавхагдахгүй мэтээр ойлгож, харьцдаг нь экологийн тэнцвэрт байдал алдагдах томоохон шалтгааны нэг болж байна. Бидний төдийлөн сайн мэддэггүй усан доорх амьдрал жилээс жилд доройтолд орж, загасны тоо толгой буурсаар байгааг тоо судалгаанууд харуулж байна. 

Нэг загасыг үржлийн үед нь агнахгүй хамгаалснаар хэдэн арав дахин өсгөх боломжтой юм.

Загас барих, агнахтай холбоотой зөрчил, гэмт хэрэг хэр бүртгэгдэж байна вэ? Танай албанаас гэмт хэргийн тоог бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ? 

Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд “Загас хамгаалал-2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг улсын хэмжээнд 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67.7 хувиар буюу 21 хэргээр өсч, үүнээс хууль бусаар загас агнах, барих гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьуулахад 2 гэмт хэргээр буюу 50 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Энэ жилийн хувьд 4 гэмт хэрэг, 17 зөрчил бүртгэгдэж гэмт хэрэг, зөрчлийн гаралтын тоо буурсан. 

Загасыг зөвхөн жил бүрийн 04 сарын 01-ний өдрөөс 06 сарын 15-ны үед л агнахыг хориглодог гэсэн ташаа ойлгот иргэдийн дунд байсаар байна. Энэ нь буруу юм. 

Монгол орны гол мөрөн, нуур цөөрөмд орших загаснууд хавар буюу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  үржилд орж эхэлснээс гадна тодорхой тооны загас бусад сар, улиралуудад ч үржилд ордог. Тухайлбал,

  • Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл
  • Буйр нуурын загасыг жил бүрийн 05 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл
  • Омоль загасыг жил бүрийн 08 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл
  • Зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл
  • Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барих агнахыг хориглосон байдаг.

Уг аяны гол зорилго нь загасны тоо толгой хомстлоос хамгаалах, цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдээ мэдээллийг тогтмол өгөхөд чиглэж байгаа. Энэ арга хэмжээ дууссан ч цаашид зэрлэг ан амьтдаа хамгаалах ажлууд жил бүр тогтмол зохион байгуулагдана.

 

Загас агнахыг хориглосон хугацаа нь загасны овог төрлөөс хамаарч янз бүр байдаг юм байна. Энэ талын мэдээлэл, хаяг, тэмдэглэгээг гол мөрний орчимд байршуулсан уу? 

Загас агнуурын хорионы улирал гэдэг нь тухайн загасны үржлийн үед барихыг хорьж, хамгаалж байгаа явдал юм. Загасны үржлийн үе болон агнаж болох, болохгүй зэрэг тэмдэглэгээг гол мөрөн, нуурын тодорхой хэсгүүдэд байршуулсан байдаг. Уг арга хэмжээний хүрээнд  төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжтэй хамтран загасыг үржлийн үед агнахгүй байх мэдээллийн самбаруудыг тодорхой газруудад нэмж байршуулах, иргэдэд таниулах, загасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран чэллэнж хийх зэрэг олон ажлуудыг зохион байгуулж байгаа.

Хүссэн хүн бүхэн загас барьж болох уу? 

Монгол улсын иргэн бүр загасчлах эрхтэй ч хуулийг мөрдлөг болгох хэрэгтэй. Иргэд хуулийн дагуу агнах, барихыг хориглосон хугацаанаас бусад үед загас барихдаа зөвшөөрлийн бичиг зайлшгүй авах ёстой. Зөвшөөрлийг БОАЖЯ, орон нутгийн мэргэжлийн байгууллага болон сумын байгаль хамгаалагчаас авна. Нэг эрхийн бичиг гурав хоногийн хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд уг хугацаанд 10 хүртэлх загас барих эрхийг олгодог.

Хууль бусаар загас агнасан тохиолдолд ямар торгууль шийтгэл оногдуулдаг вэ? 

Загасыг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын Зөрялийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэн ховор болон тусгай хамгаалалттай бүс нутгаас агнасан бол Эрүүгийн 24.5 зүйлд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Гол мөрөн, нуураас загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүр мөсөн устах аюултай байдаг. Иймээс иргэд та бүхэн хориглосон хугацаанд загас барихгүй байхыг анхааруулж байна.

АПУ ХК нь компанийн “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 15-р зорилго болох Хуурай газрын эко системийг хамгаалах, тэр дундаа биологийн олон янз байдлыг хангахын тулд ховордсон ан амьтныг хамгаалах чиглэлээр “Байгаль эн тэргүүнд” төслийг Экологийн Цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж байна.

АПУ ХК-ийн Тогтвортой хөгжлийн чиглэлээр тэр дундаа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах тал дээр ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?

АПУ ХК-ийн Байгууллагын харилцааны менежер О.Одгэрэл: АПУ ХК нь Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд эх байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлээр агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр” Улаанбаатар хотын хашаанд амьдардаг ажилтнууддаа зориулан мод тарих төсөл, ус, эрчим хүчээ хамгаалах чиглэлээр үйлдвэрлэлийн саарал усыг дахин ашиглах систем, дулаан алдагдлыг бууруулах систем нэвтрүүлж, эргэлтийн шил дахин ашиглах “Шилээ дахин амьдруулъя” санаачилга аян тэргүүтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эрчимтэй хүчин чармайлт гарган ажиллаж байна. 

"Байгаль эн тэргүүнд" төслийн хүрээнд энэ сард загас агнуурын зохистой дадал, хэвшил бий болгох үржлийн үед агнахгүй байх ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, гол, мөрний экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд загасаа хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх ойлголт, мэдээллийг сайжруулах зорилгоор Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна.  Тухайлбал, 

  • Загас агнуурын зөв зохистой дадлын тухай ойлголт мэдээллийг сайжруулах олон нийтэд чиглэсэн мэдлэг түгээх ажлууд, 
  • “Монгол орны агнуурын загасны нөөц, хамгаалах арга зам 2021” онол, үйлдвэрлэлийн цахим бага хурал 
  • Олон нийтийн сүлжээний уралдаан тус тус зохион байгуулагдах юм.  

Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хамтын манлайллыг хэрэгжүүлж АПУ ХК, Экологийн Цагдаагийн Алба,  ШУ-ны академийн Гео-Экологийн хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Загасчлалд яваад ирлээ ТББ зэрэг олон талт байгууллагууд хамтран ажиллаж байна.  

Загасыг үржлийн үед нь баривал бүр мөсөн устах аюултай. Үржлийн үед загас агнахгүй байснаар 20 дахин үрждэг тул байгаль орчин, гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулан загас барих, агнах талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Тусгал.мн

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна