/ / ЦАХИМ ОРЧИНД БИЕЭ ҮНЭЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН 30 ГАРУЙ ФЭЙСБҮҮК ГРУППИЙГ ХААСАН

ЦАХИМ ОРЧИНД БИЕЭ ҮНЭЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН 30 ГАРУЙ ФЭЙСБҮҮК ГРУППИЙГ ХААСАН

-Сүүлийн үед биеэ үнэлэлт цахимжсан гэх боллоо. Цахим орчинд охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж мөнгө олдог хэд хэдэн фэйсбүүк группийг илрүүлсэн байна. Энэ талаар мэдээллийг өгнө үү?

-Монгол Улсад биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг нэмэгдэж, биеэ үнэлэгч иргэд гудамж, талбайгаас саун массаж, зочид буудал руу шилжиж хандлагатай байсан. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуульд 12.6 дугаар зүйл “Биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийн заалт нэмэгдэж орсонтой холбоотой цахим орчныг өргөнөөр ашиглаж дуудлагаар биеэ үнэлэх явдал ихсэж байна. Нөгөө талаар тэднийг худалдаж авах эрэлтийг бий болгож, энэ төрлийн гэмт хэрэг нь дотоодод төдийгүй гадаад улсад хохирогч охид, эмэгтэйчүүдийг зуучлах хэлбэрээр цахим орчныг ашиглаж нууц далд аргаар явагдаж байгаа дүр зураг харагдаж байна. 

Тухайлбал цахим орчинд урьдчилгаа мөнгө авч секс бичлэг, видео хийж, дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн дугаар зэргийг өгч, цахим орчинд биеэ үнэлэлт зохион байгуулж байсан 30 гаруй хаалттай фэйсбүүк группийг олж илрүүлсэн байгаа. Энэ нь биеэ үнэлэлт дижитал хэлбэрт шилжиж байна гэж харж болно.

Түүнчлэн дээрх заруудын дагуу санхүү авна гэх охид, эмэгтэйчүүдийг үйлчлүүлэгч нэрээр гэмт этгээдүүд олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогчийг нүцгэлж дүрс бичлэг хийн тохуурхан даажигнаж, тухайн хийсэн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж ойр дотны, гэр бүлийн хүмүүст нь үзүүлнэ хэмээн дарамталдаг. Энэ мэт амь нас, эрүүл мэнд, нэр, хүнд, хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудлаар нь далимдуулан өөрсдийнхөө эрхшээлд оруулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж гэмт хэргийн золиос болгож байна.

-Дээрх зөрчлүүдтэй холбоотой бодит жишээ дурдахгүй юу?

-Дуудлагаар биеэ үнэлж байгаа этгээдүүд нэг цагийн секс үйлчилгээг 80.000-100.000 төгрөг, хоногийн 200.000-250.000 төгрөгөөр үзүүлдэг. Олсон мөнгөний 50-70 хувийг зохион байгуулагч этгээд авч ашиг олж байгаа тохиолдол илэрсэн. Тухайлбал:

З.Б гэгч нь https://www.Sodonzar.mn сайтыг ажиллуулж 998** дугаарын утсаар зарын захиалга авдаг. Нэг  удаа зар оруулахад 1000 мянган төгрөг байдаг, өдөрт  багцаагаар 60-70 хүн зар оруулахаар хандаж Хаан банкны 51** дугаарын дансаар мөнгөө шилжүүлж авснаар иргэдийн байрлуулах зарыг чеклэж оруулдаг. Уг веб сайт нь нийт 30 мөр зар оруулах боломжтой бөгөөд 31 хүрвэл хамгийн доод талаасаа устаж эхэлдэг гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд  багцаагаар 6-7 сая төгрөгийн орлого олсон байна.

Мөн З.Б гэгч этгээд нь https://www.МGLchat.info сайтыг урьд нь ажиллуулж байгаад хааж, энэ оны гуравдугаар сард https://www.МGLchat.оrg гэх шинэ хаяг нээж давхар ажиллуулж байсан болохыг тогтоосон. 

Б.М гэгч нь https://www.msglii.info сайтыг дээрх аргаар ажиллуулж Хаан банкны 56** дугаарын дансаар мөнгөө шилжүүлж авснаар иргэдийн байрлуулах зарыг чеклэж оруулдаг болохыг илрүүлсэн.

-Хэдээс хэдэн насны охид эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болж байна вэ?

-Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн хохирч байгаа иргэдийн дийлэнх хувийг хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод сургуульд сурах, ажил хийх зорилготой шилжин ирсэн 18-35 насны охид эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн Монгол Улсын эдийн засгийн бууралт, ядуурал, ажилгүйдэл, ар гэрийн хараа хяналтгүй байдал, бэлгийн боловсрол, эрх зүйн мэдлэггүй зэрэг байдлууд шалтгаан нөхцөл болж байна.

-Цахим орчны хяналтгүй байдлаас үүдэн энэ төрлийн зөрчлүүд ихсээд байна гэж харж байна. Тиймээс цахим орчинд хяналт тавихаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаж байна уу?

-Дотоодод цахим орчны хяналтгүй байдал, интернэтийн зохисгүй хэрэглээнээс болж охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байна. Ялангуяа өсвөр насны охидод амар хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулж байна. Мөн эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирох нөхцөлийг бий болгож болзошгүй байна.

Иймд хуурамч фэйсбүүк хаягаар иргэдээс урьдчилгаа мөнгө авч секс бичлэг, дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн утасны дугаар зэргийг өгч биеэ үнэлэхийг зохион байгуулдаг байж болзошгүй 38 фэйсбүүк хэрэглэгчдийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох зорилгоор домайн хаягийн хандалтыг хязгаарлаж хаалгахаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажилласан.

-Эдгээр зөрчлүүд дээр ямар арга хэмжээ авсан вэ?

-Дээрх вэб сайтуудыг Монгол Улсын “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, “Зөрчлийн тухай хууль”-ийн 6.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасан үйлдлүүдийг зөрчсөнийг тогтоож арга хэмжээ авсан.

Биеэ үнэлэхийг зохион байгуулах энэ заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны эрүүгийн хуульд нэмэгдсэн өмнө нь Зөрчлийн тухай хуульд заасан байсан.

Тус хуульд бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна.

                                                                                                                               Эх сурвалж:ITOIM.MN

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна