/ / ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: "ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ" ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: "ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ" ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

-Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн  хүчирхийллийн  ноцтой хэргүүд  ар араасаа дуулдах боллоо. Үүний шалтгаан нөхцөлийг нь та яаж харж байна вэ?

-Улсын онцгой комиссын шийдвэрээр олон нийтийн газруудыг хаагаад байгаа. Их дээд сургууль, дунд сургуулиудын үйл ажиллагааг ч зогсоосон.   Энэ үед гэмт хэрэг зөрчлийн дуудлагууд буурсан үзүүлэлттэй байгаа.  Гэхдээ дотор нь  ангилаад үзэхэд  гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их байна. Энэ үеэр хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчлүүд хэд хэд бүртгэгдсэн. Ер нь халдварт өвчний үеэр нийгмийн стресс нэмэгддэг, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд архидан согтуурах байдал бий болдог тухай олон улсын судалгаа байдаг.  

Хөл хорио тогтоосон үед  гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, дуудлага, мэдээлэл ихсэж байгааг  нийгмийн стресс болон архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбож тайлбарлаж болно. 

-Хүмүүс хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэг үү. Он гарсаар гэр бүл хүчирхийллийн хэдэн хэрэг бүртгэгдээд байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй зарим хохирогчид өөрийгөө хүчирхийлэлд өртөж  байгаагаа мэддэггүй тохиолдол байдаг ч ихэнх тохиолдолд хүчирхийлэлд өртөж байгаагаа нуудаг, ил гаргахыг хүсдэггүй. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл бол хаалттай хаалганы цаана, хайртай дотнын хүмүүсийн дунд үйлдэгддэг, давтагддаг, даамжирдаг ийм гэмт хэрэг, зөрчил. Хохирогч өөрийн болон гэр бүлийн нэр төрөө боддог, үр хүүхдээ боддог, бусдаас ирэх дарамт шахалтаас айдаг гээд олон хүчин зүйлээс болж хүчирхийлэлд өртөж байгаагаа нуудаг.

Улсын хэмжээнд  энэ оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуудсан нь шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн.

-Гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил дээр хэлсэнчлэн нуугдмал байдлаар үйлдэгддэг онцлогтой.

Нуугдмал энэ гэмт хэргийг  хуулийн байгууллага илрүүлдэг болсон учраас гэмт хэрэг өссөн мэт харагдаж байгаа юм. Үнэндээ бол нуугдмал гэмт хэргийг илрүүлж байна гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд иргэдийн оролцоо маш их бий. Учир нь иргэд хүчирхийлэл үйлдэгдэж байгаа талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх нь ихэссэн. Гэр бүлийн хүчирхийллийн талаар ирж байгаа нийт дуудлага, мэдээллийн 30 орчим хувийг хөрш айлаас, хөндлөнгийн иргэнээс ирүүлж байдаг. Хөрш айлаас, хөндлөнгийн иргэнээс ирэх хүчирхийллийн мэдээлэл өмнөх жилүүдэд нийт дуудлага мэдээллийн 10 орчим хувийг л эзэлдэг байсан юм.

Эндээс харахад иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилсэн байгаа нь мөн хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

Цагдаагийн байгууллагын тухайд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болж даамжрахаас нь өмнө, гэр бүлийн гишүүнд илүү их хохирол учрахаас нь өмнө буюу зөрчлийн шатанд нь хүчирхийлэл үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээлгэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил,  арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн байгууллага Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Дэлхийн олон улсад шинэ төрлийн коронавирусийн тархалт буурахгүй байгаа, хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс сэргийлэх, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан дээрх арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээ ашиглан олон нийтэд хүргэж байна.

-Хүчирхийлэлд өртөөд цагдаагийн байгууллагад хандахаас эмээдэг тохиолдол бий. Хохирогчийн нууцыг хадгалах тал дээр танай хэлтсээс  хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид ихэнх тохиолдолд хуулийн байгууллагад хандахаас айдаг нуудаг онцлогтой байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгсөн иргэний нэр хаяг, хувийн мэдээллийг нууцлах, хамгаалах талаар үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд хүчирхийллийн талаар мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хангаж мэдээллийг нууцлан ажиллаж байна. Харин иргэд, төрийн байгууллага албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн тохиолдолд заавал хуулийн байгууллагад мэдээлэх үүргийг хүлээдэг. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн иргэд цагдаагийн байгууллагад хандаж хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг уриалмаар байна.

Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг тухайн асуудлыг шийдвэрлэгдэж дуустал Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хамгаалалтад авч үйлчилгээ үзүүлэх боломж байдаг. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв 29  байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна.

-Гол төлөв хэд орчим насныхан   хүчирхийлэлд өртөж байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийг насны байдлаар нь авч үзвэл 25-39 насны буюу залуу гэр бүлүүдийн дунд хүчирхийлэл ихэвчлэн үйлдэгдэж байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд   юуг анхаарах вэ?

Энгийн хэдий ч бие биенээ тэвчээртэй сонсдог, асуудлыг маргаанаар бус ухаанаар шийддэг байдал залуу гэр бүлд дутагдаад байгаа нь ажиглагддаг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Эцэг эх нь ямар мэргэжилтэй, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, ямар найз нөхөдтэй байх нь хүүхдэд чухал биш байдаг, хүүхдэд юу хамгийн чухал байдаг вэ гэхээр эцэг, эхтэйгээ элэг бүтэн байх нь л хамгийн чухал байдаг. Эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд хоорондоо зүй бус үгээр хэрэлдэж муудалцах нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд тусдаг гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд эвтэй байж, аливаа асуудлыг хамтран ярилцаж шийдвэрлэж, нэг нэгнээ хүндэлж, ойлгож сонсдог, хүүхэдтэй ярилцдаг байх нь хамгийн чухал гэдгийг хэлмээр байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна